ФОТО: Багш нарын анхдугаар онц их хурал боллоо
2017 оны 10 сарын 05
Монголын багш нарын анхдугаар Онц Их хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон /МҮЭСТО/-д өнөөдөр боллоо.
Энэхүү хурлыг Багшийн цалин нэмүүлэх түр хороо, “Багш багшдаа тусалъя” Монголын багш нарын нэгдэл болон “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм. Монголын багш нарын анхдугаар Онц Их хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 329 сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бүрийн 1500 гаруй багш, төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.
Багшийн цалинг нэмүүлэх түр хороо нь 2017 оны наймдугаар сарын 10-ны өдөр нийслэлийн багш нарын төлөөлөл хуралдан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулдсан бөгөөд ерөнхий зохицуулагчаар Ц.Мөнхтуяа, дэд зохицуулагчаар Б.Бат-Эрдэнэ нар сонгогдон цалинг нэмэгдүүлтэл тэмцэхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Уг Түр хороог байгуулснаас хойш цалин нэмүүлэх шаардлагыг хөдөө, орон нутаг, нийслэлийн хэмжээнд нэгэн дуугаар дэмжиж, хамтран ажиллах гарын үсэг цуглуулснаар Монголын олон мянган багш нарыг нэгтгэсэн том хөдөлгөөн болоод байгаа юм.
Тэд МҮЭХ-ны удирдах хүмүүстэй зөвлөлдөж, хамтарч ажиллах, цалин нэмүүлэх тэмцлээ эрчимжүүлж Түр хороог Хөдөлмөрийн дээд сургуулийн байранд байрлан ажиллах бололцоог гаргаж үйл ажиллагааг нь дэмжиж байна. Багшийн цалин нэмүүлэх шаардлагыг Түр хорооноос Засгийн газарт /2017.08.17 болон 2017.08.30/ хоёр ч удаа хүргүүлсэн юм. Улмаар есдүгээр сарын 21, 26-нд багш нар цалингаа нэмүүлэх нэн шаардлагатай байгааг илэрхийлэн орон даяар сануулах ажил хаялт зохион байгуулж, цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжин тэмцэхээ төр, засгийн түшээдэд анхааруулж, эв нэгдлээ илэрхийлсэн. Харин энэ удаа Онц Их хурал хуралдуулж, багшийн цалин нэмүүлэх тэмцлийн цаашдын зорилтоо тодорхойлохоор зорьж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47836
0 эможи