“Чөтгөрийн тойрог”-т орсон САЛБАР
Сурлагаараа бусдыгаа толгой цохих хүүхдүүд өнөөдрийн цалингийн үнэлгээнээс болж багш болох хүслээ орхиж байна. Ийм нөхцөлд сайн багш улам ховордоно гэсэн үг. Боловсролын салбарын нэр хүнд газардсан нь үнэн. Багшийн үнэлэмж цалингаасаа болоод шалан дээр байна. Ийм байхад хэн багш болох гэж зүтгэх билээ.
Цалин, урамшуулал өсгөх нь сонгуулийн амлалт
Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөр аравдугаар сарын 5-нд тохиох гэж байна. Энэ өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болоод хагас зуун жил өнгөрчээ. ЮНЕСКО-гоос албан ёсоор зарласан тул Монголын багш нарын өдрийг эл өдөр тэмдэглэдэг болгосон юм. Цэцэгтэй бас баяраар бялхан угтдаг энэ өдрөө багш нар өнөө жил тэмцэл дунд өнгөрүүлэхээр шийджээ. Юун цэцэг, юун баяр мантай байх нь. Үүний оронд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсноо саяхан мэдэгдлээ.
Багш нар ууртай байна. Цалингаа нэмүүлэх хүсэлт гаргаад сар гаруйн хугацаа хэдийнэ болсон ч Засгийн газраас дорвитой хариу өгсөнгүй. Эсэргүүцлийн жагсаал үр дүнд хүрэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлах дээрээ тэд туллаа. Байхгүйн зовлонд автаад байсан эдийн засаг маань уг нь сэргэсэн. Төсвийн орлогын гол эх үүсвэр болсон нүүрсний экспорт нэмэгдсэн. Орлого төлөвлөснөөс 25,4 хувиар давж биелсэн. Төсвийн алдагдал ийнхүү өмнө хүлээж байснаас буурав. Гадаад зах зээл дэх манай улсаар овоглосон бондын үнэ өсөж, хэрэглэгчийн итгэлийн индекс ч сайжирлаа.
Төсвийн орлого 904 тэрбум төгрөгөөр илүү гарсан тухай Сангийн сайд ярив. Өмнө нь орлого дутаж, зарлага давсан тухай ярьдаг байсан бол одоо эсрэгээрээ. Төсвийн орлогоос бараг нэг их наяд төгрөг сох дутах бус харин илүү гарлаа. Үүнийг хэрхэн зарцуулахаа Засгийн газар шийдэж ядан байна. Хэдий шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч тодорсон ч Ж.Эрдэнэбатын танхим багаараа үүргээ гүйцэтгэж байгаа. Түүний хувьд тамга атгаж байгаа учраас Ерөнхий сайдын эрх мэдэл нь сулраагүй. Хүсвэл багш нарын цалинг нэмэх эрхтэй. Гэвч цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нар гурав дахь удаагаа ажил хаяхад бэлэн байна.
Багш нар 1,6 сая төгрөг болгохоор шаардаж байгаа нь төсвийн орлого 904 тэрбум төгрөгөөр давж биелсэн энэ үед таарсан. Харамсалтай нь, Сангийн сайд багш нарын цалинг нэмэх боломж хомс байгааг учирласан мөртлөө зөрүүлээд “халамж”-аа нэмэхээр болов. Энэ нь хүүхэд болгонд 21 мянган төгрөг олгох тухай байлаа. Суурин дээрээ Засгийн газар эргэв. Бэлэн мөнгө тараах бодлогоос татгалзсан атлаа төсвийн орлого илүү гармагц сонгуулийн “мөчлөг” рүү шилжиж байна. Багш нарын цалинг хоёр дахин нэмэх боломжгүй гэж гэдийсэн Засгийн газар хүүхдийн мөнгийг алагчлалгүй өгөхөө албан бусаар зарлалаа. Угтаа өнөөдрийн нийгэмд хүүхдэд сайн багш, сайн боловсрол, аюулгүй орчин илүү чухал. Үүнийг эцэг, эхчүүд ч хамгийн их хүсэж буй.
Цэцэгтэй бас битүүхэн баярын уур амьсгалтай угтаж ирсэн энэ өдрөө багш нар өнөө жил тэмцэл дунд өнгөрүүлэхээр шийджээ.
Төсвийн орлогоос бараг л нэг их наяд төгрөг сох дутах бус илүү гарлаа. Үүнийг хэрхэн зарцуулахаа Засгийн газар шийдэж ядан байна.
Сангийн сайд багш нарын цалинг нэмэх боломж хомс байгааг учирласан мөртлөө зөрүүлээд “халамж”-аа нэмэхээр болов.
Боловсролын салбарт ажиллаж буй багш нар ойролцоогоор хамгийн багадаа 400 гаруй мянган төгрөг гар дээрээ авдаг. Ирээдүйг залгах, энэ улс орныг ирэх цагт авч явах хойч үеийг сурган хүмүүжүүлж байгаа багш нарын цалин ийм гэж бодохоор чамлалттай санагдана.
Монголын багш нарын цалин дэлхийн хамгийн бага цалинтай багшийнхаас долоо дахин бага гэсэн судалгаа хүртэл байх аж.
Багшийн цалинг төрөөс хамгийн сүүлд 2014 онд 80 мянган төгрөгөөр нэмсэн. Үүнээс хойш огтхон ч салхи оруулаагүй билээ.
Харин энэ хооронд ам.доллартай харьцах төгрөгийн ханш хоёр дахин унаж, иргэдийн худалдан авах чадвар ч тэр хэрээр буурсан. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт ч гаарсан. Энэ болгон нь дайран дээр давс нэмсэн. Боловсролын салбарын нэр хүнд газардсан нь үнэн. Багшийн үнэлэмж цалингаасаа болоод шалан дээр байна. Ийм байхад хэн багш болох гэж дурлаж, зүтгэх билээ.
Хар багын мөрөөдөл нь багш болох байсан ч өнөөдрийн цалингийн систем сурлагаараа бусдыгаа толгой цохих хүүхдүүдийг уг мэргэжлээс үргээж байна. Үүнээс үүдэн сайн сурагч сайн багш болох замаасаа буцах нь их болжээ. Харин тааруу сурлагатай нөхөр багш болдог жишиг тогтлоо. Ийм нөхцөлд багш нарын ур чадвар, боловсролын чанар дээшлэх нь юу л бол.
Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт “чөтгөрийн тойрог” хэдийнэ үүсчээ.
Улсын төсвийн 20 хүрэхгүй хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Энэ нь 1.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын сарын дундаж цалинг 1,6 сая болгож нэмэгдүүлэхэд улсын төсвөөс жилд нэмж 590 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа юм.
МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт цалин, урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн өгүүлбэр багтсан. Мөн багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, цалин урамшууллын шинэ систем бий болгохоо эрх баригч нам амласан. Итгэл төрүүлж, иргэддээ хүлээлт үүсгэсэн МАН-ын Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх цаг дор ирлээ. Багшийн цалин одоогийнх шиг байгаа нөхцөлд сайн багш төрж гарах магадлал даанч алга.
Ерөнхий боловсролын сургуульд 29 дэх жилдээ ажиллаж байгаа Б.Оюуны үндсэн цалин 608 мянган төгрөг. Түүний хувьд ам бүл зургуулаа бөгөөд цалингийн зээлтэй. Илүү цаг, анги даалт, орон нутгийн нэмэгдэл гээд сарын эцэст нийтдээ гар дээрээ 800 орчим мянган төгрөг авч байна. Үүнээсээ 350 орчим мянгыг нь зээлэндээ тушаадаг. Хоёр оюутантай энэ айл өнөө цагийн дундаж давхаргын тод төлөөлөл нь. Хэдий ийм боловч мөнгөний гачигдал байнга тохиох нь ердийн үзэгдэл мэт. Ийм нөхцөлд багш хүн ар амьдралаа мартаад өмнөх ажлаа сэтгэл амар хийнэ гэдэг хэцүү. Б.Оюун багш цалингаа нэмүүлэх хөдөлгөөнд нэгджээ.
Багш нараа үнэлэх цаг хэдийнэ иржээ. Боловсролын салбар уналтаас гарахад цалин, хангамж чухал нэг хөшүүрэг нь.