Магистр, докторт суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно
БСШУС-ын сайд Төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлагад сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгчээ. Төрийн өмчийн сургуулийн 1 кредит цагийн төлбөр 40000-96600 төгрөгийн хооронд буюу жилийн дундаж төлбөр 1.932.600 төгрөг байгаа билээ. Тэгвэл энэ жил оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулан хамрах хүрээг өргөжүүлжээ. Тодруулбал, зөвхөн бакалаврын өдрийн ангийн оюутнууд сургалтын төлбөрийн зээл авдаг байсныг бакалаврын орой, эчнээ, магистр, докторын суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгох шийдвэр гаргасан байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурав ба түүнээс дээш оюутантай өрхийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даахаар тусгасан.
Энэ дагуу зээлийн нөхцөл, шаардлагыг хөнгөрүүлж долоон төрлийн бичиг баримт бүрдүүлдэг байсныг хоёрхон баримт бичигт үндэслэн зээл авдаг болгожээ. Мөн сургалтын төлбөрийн зээл хүссэн оюутны хамтран зээлдэгч нь зөвхөн төрсөн гэр бүлийн гишүүн байна гэж байсныг өөрчлөн “Зээлийн эрсдэлийг хариуцахаа илэрхийлсэн Монгол Улсын иргэн байж болохоор” зааж, зээлийг түргэн шуурхай олгох боломжийг бүрдүүлсэн байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурав ба түүнээс дээш оюутантай өрхийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даахаар тусгасан. Энэ шийдвэрийн дагуу 2016 онд 612 оюутны сургалтын төлбөр болох нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс олгосон бөгөөд цаашид энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.