Насан туршийн БОЛОВСРОЛ
Энэ хавар Монголын 37 мянган залуус ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, техник мэргэжлийн болон их дээд сургуульд үргэлжлүүлэн сурахаар зэхэж байна. Монголчууд бид улам бүр өөрчлөгдөж буй энэхүү нийгмийн шинэ нөхцөл байдалд үр хүүхдээ дасан зохицож, ажиллаж амьдрахад нь бэлдэж чадаж байна уу?
Шинжлэх ухаан, техникийн хөгжлийн хурдац нь өнөөгийн мэргэжилтнүүдэд тавих шаардлагыг тасралтгүй ахиулж, мөн шинээр гарч ирэх мэргэжил, шаардагдах ур чадваруудыг урьдчилан таамаглахад улам хэцүү болгож байна. Боловсрол улам илүү уян хатан байж, хувь хүн өөрийгөө боловсруулахад маш их шамдаж байж л хөгжлийн эрэлт хэрэгцээг хангах болжээ.
Боловсролын өөрчлөлт
Хоёр зуугаад жилийн өмнө аж үйлдвэрийн хувьсгал эхэлж, үйлдвэржилтийн хэрэгцээг хангахын тулд олноор нь сургах “сургуулийн” боловсролын загварт хүн төрөлхтөн шилжсэн билээ. Мэдлэгийн эх сурвалж нь сургууль болсон юм.
Харин сүүлийн 20-иод жилд мэдээлэл технологийн хувьсгал өрнөхийн хэрээр мэдлэгийн эх сурвалжууд, мэдлэг солилцох арга хэрэгслүүд өөрчлөгдөв. Түүнийг дагаад сургалтын аргууд ч эрс шинэчлэгдэж, энэ бүх өөрчлөлтийг улс орон бүр харилцан адилгүй тусган авч, сургуулиуд нь харьцангуй маш удаан зохицож байгаа юм. Энэ хурдны зөрүүн дээр хувийн сургуулиуд дэлхий даяар олноор бий болж байна.
Улс төрчид хөгжлийн асуудлын гол нь эдүгээ иргэдийн орлогын зөрөө, баян ядуугийн ялгаа гэж ярьж байгаа ч түүнээс илүүтэйгээр орлогын тогтвортой байдал, ажлын байрандаа хэрхэн тэнцэж үлдэх нь ихэнхи иргэдийн санааг зовоож байна. Аятайхан ажил бүр хүнээс шинэ чадвар, тасралтгүй суралцахыг шаардах боллоо.
АНУ-д саяхан өөрийгөө жолооддог, хүнд даацын ачааны машиныг танилцуулав. UBER компани ОТТО нэртэй энэ машинаа 100 тонны ачааг хаана ч хүргэж чадахыг батлав. Тус улс нийт 3 сая ачааны машинтай, тус бүрийг нь хоёр хүн жолоодож улсын нийт ачаа эргэлтийн 70 хувийг хангадаг гэж бодохоор ямар том өөрчлөлт ирж явааг төсөөлж болно. Том хотуудад нь суудлын машинууд өөрийгөө жолоодоод үйлчилгээнд гараад эхэлчихжээ.
Та бид ч бас 2040 он гэхэд машиндаа суугаад хүрдээ барихгүй ч хүссэн газраа аюулгүй очиж болох аж. Хүнийхээс илүү хурдан ажиллаж чаддаг хиймэл оюун ухааны “тархи”-тай автомат удирдлагын системүүд бий болж байна. Хүний хөдөлмөрийг робот хийх боллоо.
Интел компани 2014 онд 14 нанометр (1 нм гэдэг нь метрийг тэрбумд хуваасны нэг) чип бүхий процессор гаргасан нь 1 ам мм (миллиметр) талбайд 37.5 сая дамжуулагч (транзистор) суулгасан гэсэн үг. Гэтэл 2017 оны эцсээр гаргах шинэ чип нь 10 нанометр болж жижигрэх боловч 1 ам мм талбайд өмнөхөөсөө бараг 3 дахин их (100 сая) дамжуулагчтай, харьцангүй бага халдаг байх гэнэ (Моорийн хууль). Зөвхөн энэ зөрөөн дээр ярьвал, одоогийн жолоочгүй машины процессор арын тэвшээ дүүрч байсан бол суудлын урд хайрцаганд багтахаар овор нь багассан ч, бодох хурд нь гурав дахин нэмэгдэх аж. Хурд нэмэгдсэнээр энэ процессор мэдээллийг аваад, боловсруулж, оптимизаци хийж чадах учир хүний тархинаас ч илүү хурдтай ажиллах юм. Жишээ нь машины моторын ажиллагааг тасралтгүй шалгаж, аль хэсэг нь хэзээ эвдрэхийг түрүүлж мэдэх, солих боломжтой гэсэн үг. Мөн дэлхий даяар өрөмдлөгө явуулдаг компани олон мянган цооног бүрийн өрөмдлөгийн явц, зардлыг АНУ-д байгаа өрөөнөөсөө нэг дор шууд хянаж, нэгтгэн дүгнэж чадаж байна. Өрмийн ажилтан тосонд хутгалдсан хүн биш, програмын оператор болжээ. Интел-ийн энэ процессор бүх салбарт төсөөтэй хувьсгалт өөрчлөлт хийх гэж байна.
Тасралтгүй суралцах хэрэгцээ
Их сургууль төгссөн л бол олсон мэдлэгээ 20-30 жил ашиглаж амьдарна гэх ойлголт алга болж байна. Энэ нь сурах боловсрох үүргийн дийлэнхи нь сургуулиас хувь хүн рүү шилжиж байна гэсэн үг. Сурахад өөрийгөө зоригжуулах, шинийг тасралтгүй сурах нь амьдралын хамгийн чухал чадвар боллоо.
Одоо сургууль төгсөж буй хүүхэдтэй юу хийж амьдрахаас илүү яаж суралцаж байх тухай ярих нь илүү чухал болж байна. Аль ч мэргэжил олон мэргэжлийн уулзвар дээр тогтох цаг иржээ. Энэ нь тасралтгүй суралцаж, өөрчлөлтийг мэдэрч, мэдлэгээ хэрэгжүүлэхийг шаардаж эхэлсэн. Тэгж сурахад туслах Хаан Академи гэх мэт шинэ төрлийн сургалтын хэрэгслүүд улс орон бүрт бий болж байна.
Угаасаа боловсрол гэдэг нь зөвхөн мэдэхийн тулд суралцахаас гадна, хийхийн тулд, хүн болохын тулд, хамтарч амьдрахын тулд суралцахыг хэлдэг. Энэ дөрвөн багана дээр боловсрол тогтох ёстойг ЮНЕСКО тодорхойлжээ.
Мэдэхийн төлөө сурна гэдэгт дэлхий ертөнц, түүний иж бүрдлийг илүү сайн ойлгох танин мэдэхүйн багаж хэрэгслийг олгох, цаашдаа суралцахад нь шаардлагатай, тохирсон суурийг тавьж өгөхийг хэлдэг. Харин хийхийн төлөө сурах гэдэгт хувь хүнд даяаршсан эдийн засаг ба нийгэмд бүтээлчээр оролцох чадвар олгохыг хэлдэг ажээ.
Хүн болж оршихын тулд сурна гэдэг нь хувь хүмүүс өөрсдийн сэтгэл, нийгмийн чадавхиа бүрэн дайчлан ашиглах, бие бялдар ба сэтгэлзүйн хувьд өв тэгш хүн болж төлөвшихөд шаардлагатай өөрийгөө дүгнэх ба бусадтай харилцах чадварыг эзэмшихийг хэлнэ.
Харин хамтарч амьдрахад сурна гэдэгт хувь хүмүүс нийгэмтэйгээ эв эетэй, энх тайвнаар зохицон амьдрахын тулд хувь хүмүүсийг хүний эрх, ардчиллын зарчим, соёл хоорондын харьцаа, нийгэм ба хүний харилцааны бүх түвшинд энхийг эрхэмлэх, харилцан хүндэтгэхийн үнэ цэнийг ойлгуулахыг хэлдэг.
Энэ дөрвөн чиглэл бүрээр ижил, сайн боловсрол өгөх боломж Монголын сургуулиудад бага. Эхний хоёр буюу мэдлэгийг авах, түүнийг ашиглахад ямар өөрчлөлт орж буйг дээр ярьсан. Энэ хоёрыг мэдлэгийн оюун ухааны харьцуулалт - Intelligence quotient буюу IQ-гээр хэмждэг. Харин хүн болох, хамтарч амьдарч сурахад манай сургуулиуд тусгайлан бэлддэггүй. Гэтэл энэ хоёр баганын өндрөөс амьдралын аз жаргал эхний хоёроосоо эрс илүүтэй хамаардаг. Сэтгэлийн хөдлөлийн харьцуулалт - Emotional quotient буюу EQ нь IQ-гээсээ илүү чухал ажээ. Үндэсний соёл заншил, эх эцэг, найз нөхөд нь энэ хоёрт нь мөн илүүтэй нөлөө үзүүлдэг.
Хувь хүн ямар мэдлэг эзэмших, түүнийгээ юунд, яаж, хэзээ хэрэглэх вэ гэдгээ тооцож, урьдаас бодож тунгаасан, чиг зорилготой, зохион байгуулалттай суралцаж чадсан бол бусдаасаа давуу, илүү өрсөлдөх чадвартай болдог. Үүний тулд насан туршдаа суралцахыг шаардаж байгааг өөрчлөгдөн шинэчлэгдэж буй цаг үе харуулж байна.