"Иргэн төсөл" нийслэлийн 70 сургуульд хэрэгжинэ
Тус хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр "World learning", "Иргэний боловсролын төв", АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа аж. "Lead Mongolia" хөтөлбөрийн III бүрэлдэхүүн хэсгийг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөрийн III бүрэлдэхүүний зорилго нь монголд тогтвортой ардчиллын суурийг бий болгох, залуусыг иргэний боловсролоор дэмжихэд оршино. Үүний тулд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг эх орныхоо ирээдүйн ардчиллын идэвхтэй зүтгэлтэн, манлайлагчид болоход нь туслах, чадавхжуулахаар зорьж байгаа юм. Улмаар хөтөлбөрийн хүрээнд "Иргэн төсөл"-ийг ЕБС-д хэрэгжүүлэх, сурагчдын дунд төслийн уралдаан зохион байгуулах зэрэг олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 2013-2014 онд "Иргэний боловсролын төв"-өөс "Шударга ёс", "Үүрэг хариуцлага", "Эрх мэдэл", "Хувийн орон зай" хөтөлбөрийн бага, дунд ангийн сурах бичиг, багшийн гарын авлагыг боловсруулан гаргаж, БСШУСЯ-тай хамтран ЕБС-иудад түгээсэн юм. Цаашид ахлах ангийн сурах бичгийг боловсруулан гаргаж, сургагч багш нарыг бэлтгэхээр төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр онцлов. Түүнчлэн нийслэлийн 70 сургуульд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2018 онд "Иргэн төсөл"-ийн улсын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.