ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ: Америкийн шилдэг дээд сургуулиудад элсэх өргөдлөө хэрхэн явуулах вэ

2017 оны 8 сарын 11

Харвардын төгсөгч монгол залуу У.Билгүүний зөвлөгөөг танд хүргэж байна.

 

Энэхүү нийтлэлийг Америкт сурна гээд шийдчихсэн юм уу сурах талаар эргэцүүлэн бодож байгаа боловч яаж сургуульдаа орохоо сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулж байна. Америкийн сургуулиудын элсэлтийн талаар, мөн тэтгэлэг хэрхэн олох тухай ерөнхий ойлголттой болох гэсэн хэн бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Америк дахь сургуулиудын элсэлтийн гол онцлог нь хүүхдүүдээ сонгон авах шалгаруулалтых нь бүхэлчилсэн (holistic) шинж чанарт оршино. Энэ нь шалгаруулалтанд аливаа нэг үзүүлэлт - тестийн  оноо, дүн, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ярицлага г.м. - дангаараа хүүхдийг элсүүлэх эсэхийг шийддэггүй, харин бүх үзүүлэлтүүд нэгдэж байгаад хүүхдийн хувь заяаг тодорхойлдог гэсэн үг юм. Тэгэхээр дан ганц "тасархай" тестийн оноо юм уу, сургуульдаа авч байсан онцууд шилдэг сургуульд ороход хангалтгүй байх нь ээ. 

Америкийн их дээд сургуулиуд гадаад дотоодын хүүхдүүдэд сурагчийн санхүүгийн байдлаас хамааран тэтгэлэг өгдгөөрөө бусад орнуудын сургуулиудаас ялгаатай.

Үүнээс гадна, Америкийн их дээд сургуулиуд гадаад дотоодын хүүхдүүдэд сурагчийн санхүүгийн байдлаас хамааран тэтгэлэг өгдгөөрөө бусад орнуудын сургуулиудаас ялгаатай. Гадаадын сурагчдад тэтгэлэг олдох нь дотоодын хүүхдүүдэд олдохоос хавигүй хэцүү боловч үнэхээр чадалтай, сайн хүүхдэд бол мөнгөний асуудал бараг огт гарахгүй гэж хэлж болно. Жишээлбэл Америкийн хэд хэдэн сургуульд жилийн 60 000$-оос бага өрхийн орлоготой айлын хүүхэд тэнцчих л юм бол бүх зардлыг нь (сургалтын төлбөр, байр хоолны мөнгө, онгоцны билетний үнэ) сургууль нь даадаг жишиг бий. Цөөнгүй Монгол сурагчид ийнхүү тэтгэлэг аваад Америкт сурч байна.

Одоо сургуулиуд голчлон ямар үзүүлэлтүүд дээр тулгуурлан элсүүлэх хүүхдүүдээ сонгодгийг тайлбарлаад тэтгэлэг хэрхэн олох талаар бичих болно.

Шалгалтууд

Элсэлтийн процессд эзлэх жингээр нь хувьчилбал ойролцоогоор 30-40% болно. Монголчууд бидний эртний танил, TOEFL, IELTS-ийн шалгалтууд нь Америкийн "энгийн" дээд сургуулиудад төдий их тэтгэлэг авалгүйгээр ороход хангалттай боловч шилдэг сургуулиудад, их хэмжээний тэтгэлэг аваад оръё гэвэл SAT Reasoning Test (эсвэл ACT) гэх шалгалтыг бас өгөх хэрэг гарна. Энэ нь TOEFL-ийн (эсвэл IELTS) шалгалт зөвхөн хэлний мэдлэгийг л шалгадагтай холбоотой. iBT TOEFL дээрх 100 оноо нь тухайн хүнийг Англи хэлэндээ сайн гэдгийг л харуулна уу гэхээс өөр мэдээлэл өгч чаддаггүй. Харин SAT нь тоо бодох, сэтгэх чадварыг шалгаад сургуулиудад өргөдөл гаргагчийн, нэг ёсондоо, оюуны "потенциал"-ыг харуулдаг. Тиймээс TOEFL дээр сургуулийнх нь шаардаж байгаа босго оноонд хүрчихэд л хангалттай байдаг бол, SAT дээр аль болохоор л өндөр оноо авах хэрэгтэй байна. Энэ хоёр шалгалтаас гадна бас зарим сургуулиуд SAT Subject Test буюу хичээлээ сонгоод өгдөг SAT шалгалт өгөхийг шаардана. Энд нь 20 төрлийн хичээлийн Subject Test-ээс 2-ийг нь сонгоод сайн өгчихөд хангалттай.

Эссэ

Элсэлтийн процесст эзлэх жингээрээ шалгалтуудтай бараг эн тэнцүү. Шалгалтууд нь хүүхдийг тоон "механик" утгаар илэрхийлдэг бол эсээ нь хүүхдийн өргөдөлд "амь оруулж" түүнийг бусад хүүхдүүдээс ялгаж өгөх гол зүйл нь болно. Бусад хүүхдүүдээс онцгойрч харагдах нь нийт 30 000 гаруй өргөдөл гаргагчдаас 6%-ийг нь л сонгож авдаг Харвард шиг сургуульд тун чухал. Эс тэгвээс өргөдөл чинь өндөр оноотой арваад мянган хүүхдүүдийн өргөдөл дунд замхраад л мартагдчихна. Хэрвээ шалгалтын чинь оноонууд бас төдийлөн сайн биш байгаа бол сонирхолтой бөгөөд өвөрмөц эсээгээр оноогоо "нөхчих" боломжтой.

Дүн, багш нарын тодорхойлолт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдал, тэмцээн уралдаан г.м.

Үлдсэн 30-40 хувь нь ерөнхийдөө дээр дурьдсан зүйлсээс хамаарна. Дүнгүүд 9-11-р ангид C-гүй, ихэвчлэн A байхад болоод явчихна.

Багш нараас авах тодорхойлолтууд нь Монголд бичээд заншсан тодорхойлолт шиг ("Болд нь Улаанбаатар хотод 1992 онд төрж, 4-н настайдаа цэцэрлэгт орсон ... Болд манай тэргүүний сурагч ...") байж болохгүй! Аль болох чамайг хувь хүн талаас нь ямар вэ гэдгийг харуулсан, өргөдлийн чинь өөр газар байхгүй, зөвхөн багш хүний орж харах зүйлсийг бичвэл тодорхойлолтын хэрэг сая нэг гарна.

Мөн коллежүүд, хичээлээ хийгээд байхаас гадна нийгмийн идэвхтэй, удирдагч, дугуйлангаар өөрийгөө байнга хөгжүүлж байдаг, эсвэл спортоор хичээллэдэг хүүхдүүдэд дуртай. Энэ нь нэлээд чухал бөгөөд зөвхөн хичээлээ хийгээд суудаг хүүхдийн сургуульд орох магадлал эрс буурна.

Мэдээж төрөл бүрийн тэмцээн уралдаанд байр эзэлж байсан бол тэр чинь тус болно. Тэмцээн нь улсын, эсвэл олон улсын хэмжэнийх бол бүр сайн. Эдгээрээс гадна өөр ямар ч зүйлийг өөрийгөө илүү таниулахын тулд ашиглаж болно. Төсөл зохиосон байх, ажил хийдэг байх, өвөрмөц хоббитой байх гээд л зөндөө зүйлээр өөрийгөө бусдаас онцгойруулах боломжтой.

Тэтгэлэг

Америкт элсэж ороход хамгийн хэцүү сургуулиуд нь хамгийн баян байдаг болохоор их тэтгэлэг өгдөг бол, элсэж ороход илүү амар сургуулиуд нь тэтгэлэг өгөх бололцоо багатай байдаг. Тэгэхээр ерөнхийдөө тэтгэлэг олоход хэцүү гэж хэлж болно. Гэхдээ хичээвэл боломж мэдээж зөндөө бий.

Мөн урьд дурьдсанчлан тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо ихэнхдээ дүн, шалгалтын оноог биш өрхийн орлогыг харгалзана. Жилийн 200 000$-оос дээш орлоготой айлын хүүхдэд тэтгэлэг бараг өгөхгүй бол 60 000$-аас доош орлоготой айлын сурагчид бол бүх зардлыг нь төлөөд өгчихнө.      

Гэхдээ энэ нь элсэгчдийнхээ мөнгөний бүх хэрэгцээг хангана гэсэн (100% of need met) сургуулиудад л зөвхөн хамаатай. Ийм сургуулиуд Америкт нэлээд олон байна.

Үүний дээр бас Need-blind болон Need-aware гэсэн тодотголтой сургуулиуд байна. Need-aware сургууль нь тухайн сурагч хэр их мөнгө төлж чадахыг нь харгалзаж үзсэний үндсэн дээр сурагчийг элсүүлэх эсэх шийдвэрээ гаргадаг бол Need-blind сургуульд тухайн сурагч хэр их мөнгө төлж чадах нь сонин биш байдаг бөгөөд аль болохоор хамгийн шилдэг хүүхдүүдийг л сонгож авахыг боддог. Харамсалтай нь, гадаад хүүхдүүдэд Need-blind байдаг хэдхэн л сургууль байгаа ба тэдгээр нь Америкт элсэн ороход хамгийн хэцүү сургуулиудын тоонд орно.

 Энэ нийтлэлд бас элсэлтийн процесс жил бүрийн 9-р сарын үеээс эхлээд 12-р сарын төгсгөл хүртэл явагддагийг хэлэх хэрэгтэй байх. Энэ хэдэн сарын туршид өргөдлөө бөглөөд дуусгачихвал сургуулиуд руугаа явуулчихаж болно. Харин тэтгэлэгт (financial aid) хамрагдах өргөдлөө ихэнх сургуулиуд 2 сар болтол хүлээн авдаг.

За, ингээд ер нь Америкийн сургуулиуд руу элсэн орох талаар ерөнхий ойлголттой болсон байх гэж найдаж байна. Цаашид энэ нийтлэлд дурьдагдсан зөндөө сэдвээр дэлгэрэнгүй бичих байх. Тэр болтол асуух зүйл байвал сэтгэгдэл үлдээх хэсэгт асуултаа үлдээчихэж болно шүү. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45856
2 эможи
keyboard_arrow_up