Цэцэрлэгийн онлайн бүртгэлд өнөөдрийн байдлаар нийт 5,374 хүүхэд бүртгүүлжээ

2017 оны 7 сарын 25

Цэцэрлэгийн онлайн бүртгэлд өнөөдөр өдрийн 11 цагийн байдлаар 5,374 хүүхэд бүртгүүлээд байна.  Энэ бол өчигдөр шөнийн 00:00 цагаас эхэлсэн бүртгэл юм. Монголд анх удаа хэрэгжиж буй энэхүү цахим бүртгэлийн талаар дөнгөж сая Нийслэлийн Боловсролын Газраас мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ж.Гантулга: "Иргэд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр тусдаа зүйл байгааг анхаарах хэрэгтэй.  2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны долоодугаар сарын 24-ний шөнөөс наймдугаар сарын 24 -ний өдрийн хооронд зохион байгуулна. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулна. Тухайн цэцэрлэг онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож нэмж элсүүлж болох бөгөөд бүртгэлийг 2017 оны  наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна" гэлээ. 

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт “Цахим бүртгэл, элсэлт” зохион байгуулах ажлын зөвлөмж, хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх заавар, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон Нийслэлийн Боловсролын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дугаартай тушаалыг байршуулаад буй. ЭНД дарж танилцаарай. 

Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон талаар НБГ-аас мэдээлж байлаа. 

"Нийслэлд хоёр настай 34 мянган хүүхэд байгаагаас энэ жил 12 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулна. 240 хүүхэд хамруулах хүчин чадалтай 160 цэцэрлэг шинээр барьж байж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулж чадах юм" гэж Ж.Гантулга дарга ярилаа. 

 Цэцэрлэгийн онлайн бүртгэлд 5,374 хүүхэд бүртгүүлсэн

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг: "Өчигдөр оройноос эхэлсэн цэцэрлэгийн онлайн бүртгэлд нийт 5,374 хүүхэд бүртгүүлсэн. Хэрвээ тухайн цэцэрлэг даац хэтэрсэн тохиолдолд сугалаа явагдана. Сугалааг санамсаргүй аргаар зохион байгуулна. Үүнийг зөв ил тод явж байгаа эсэхийг кибер аюулгүй байдлын газар, ТЕГ-аас баталгаа гаргуулсан байгаа.Системийн хувьд ямар нэгэн гацсан, асуудал гарсан зүйл байхгүй " гэлээ.  

2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1,354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46% буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна.

2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145,917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77,706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27,379, нийт 623 цэцэрлэгт 105,085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72 хувьд хүрчээ. Өнгөрсөн хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12,185, хамран сургалтын хувь 3.7-оор нэмэгдсэн ажээ. 

гэрэл зургийг mpa.mn-ээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45306
0 эможи
keyboard_arrow_up