МУИС 30 гаруй орны 300 гаруй их, дээд сургуультай ХАМТРАН АЖИЛЛАДАГ
МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Олон нийттэй харилцах албаны даргын үүрэг гүйцэтгэгч Биатрис Кэмп болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хатагтай Биатрис Кэмпэд талархал илэрхийлж, сургуулийн үйл ажиллагаа болон гадаад харилцаа хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Тэрээр цаашид МУИС-ийн зүгээс АНУ-ын шилдэг их дээд сургуулиудтай эрдэм шинжилгээ, оюутан, багш солилцооны хөтөлбөр нэмэгдүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа хэллээ.
МУИС нь дээд боловсролын түвшинд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах зорилгоор 30 гаруй орны 300 гаруй их, дээд сургууль, АНУ-ын 11 их дээд сургуультай багш, оюутан солилцооны гэрээ байгуулан ажилладаг байна.
АНУ-аас Монгол Улсад суугаа Олон нийттэй харилцах албаны даргын үүрэг гүйцэтгэгч Биатрис Кэмп АНУ болон Монгол Улсын их дээд сургуулиудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцож улмаар МУИС-аас АНУ хөтөлбөрт хамарч буй багш, оюутанд нэмэлт хөтөлбөрүүдээр туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
МУИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн профессор багш нар, ажилтан, оюутнуудыг АНУ дахь их, дээд сургуульд мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран ажиллах, туршлага судлах, суралцах боломж ийнхүү бүрдэж байна.