Мэргэжлийн багш нарын 50 хувь нь дохионы хэлний чадварыг дээшлүүлэх шаардлагатай
29 дүгээр тусгай сургуулийн сурагчид сурах орчин болон хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн талаар хөндөж жагсаал хийсэн юм.
Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр БСШУСЯ-аас томилогдсон ажлын хэсэг олон нийтэд гарсан дүгнэлтийг танилцууллаа.
БСШУСЯ-ны Бодлого, хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга М.Мөнхбаатар, Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийлээ.
БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга М.Мөнхбаатар "Ажлын хэсэг хоёр чиглэлээр ажилласан. 10 дүгнэлт гаргасан. Тухайлбал, Их, дээд сургуульд элсэн суралцах бэлтгэл ангийг гаргах, багш нарт дохионы хэлийг сайжруулан сурахыг тус сургуулийн бүх багшид үүрэг болгох, суралцагчийн эрх ашиг, сонирхлыг хүндэтгэхийг бүх багш, ажилтанд үүрэг болгосон" гэлээ.
БСШУСЯ-ны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг "Ажлын хэсэг тус сургуулийн 51 багшаас шалгалт авахад 94 хувь нь чадвартай гэж гарсан.
Мэргэжлийн багш нарын хувьд 44 хувь нь хангалттай гэж гарсан. Тэгэхээр 50 хувь нь дохионы хэлний чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Үргэлжлүүлэн бид сорил, тестийн ажлыг зохион байгуулна.
Сурагчдын шаардлагад багшийн ёс зүйтэй холбоотой асуудал гарсан байгаа. Энэ асуудлаар Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, нээлттэй санал асуулгад суурилсан нөхцөл байдлыг тодруулах арга хэмжээ авсан.
Сургуулийн дотоод зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, багшийн ажлын төлөвлөлт, үнэлгээ, шинжилгээ зэрэг холбогдох явцын болон гүйцэтгэлийн мэдээ, тайланг байнга хөтөлж хэвшхийг сургуулийн нийт багш нарт даалгах. Сул сонсголтой хүүхдүүдэд сонсголын алдагдлыг нөхөх хэрэгслээр хангах ажлыг эцэг эх, асран хамгаалагчтай хамтран авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарчээ.
БСШУСЯ-ны Бодлого, хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга М.Мөнхбаатар энэхүү дүгнэлтийнхээ төсгөлд 29 дүгээр тусгай сургуулийн сургалт хүмүүжлийн ажил хэвийн явагдаж, багш, сургууль, эцэг эх багш нарын хооронд үл ойлголцол байхгүй болсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй хэмээн онцоллоо.