ЭЕШ-ын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болно

2017 оны 4 сарын 05

ШАЛГАЛТЫГ ИЛ ТОД, ШУУРХАЙ, ШУДАРГА ЯВУУЛАХ ЗОРИЛГООР 
ШИЛЭН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ-
Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг нэгдсэн журмаар авч эхэлснээс хойш 12 дахь жилтэйгээ золгож байна. Улсын хэмжээнд нийт 50 төвлөрсөн цэгт ЭЕШ-ыг бүртгэл, шалгалт, шалгалтын хуудсыг улс орны өнцөг булан бүрээс татан төвлөрүүлэх, шалгалтаас хойш 14 хоногийн дараа дүнг нийтэд мэдээлэх гэсэн байдлаар зохион байгуулсаар ирсэн билээ.
Жил бүрийн хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн 40 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгдөг. Энэ үйл ажиллагааг технологийн давуу тал, цахим орчин ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой “Шилэн технологи” нэвтрүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, шалгуулагч шалгалтаа өгч дуусмагц, шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө засагч машинд засч, дүнг шууд мэдээлэх юм байна.
Шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болоод зогсохгүй эцэг эх, багш нар ч шалгалт авах, засах, дүнг мэдээлэх бүх процессыг интернэтээр шууд хянах боломжтой аж.

Энэ жилийн хувьд 12 дугаар анги төгсөх 37 мянга гаруй хүүхэд байгаагийн дээр гадаадад суралцаж байсан болон өмнөх оны төгсөгчид нэмэгдэж, нийт 40 мянга гаруй хүүхэд ЭЕШ өгнө гэсэн тооцоо байгаа билээ.
ЭЕШ авах 50 цэгт камер байршуулж шууд дамжуулах юм байна. Тиймээс эцэг эх, багш нар интернэт ашиглан хүүхдийнхээ шалгалт өгч байгааг, дуусаад засагч машинд уншуулан, хариу дүнтэйгээ танилцаж байгаа гээд бүх процессыг хянах боломжтой болох ажээ. Мөн ЭЕШ өгсөн нийт сурагчдын дүнг эрэмбэлэн жагсаах юм байна.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэний мэдээлснээр, энэ жилийн төсөвт хөрөнгө мөнгөний асуудал суугаагүй учраас шилэн технологийг 100 хувь нэвтрүүлэх боломжгүй байгаа аж. Гэхдээ энэ жилдээ дотоод нөөц бололцоогоо ашиглан 21 аймаг 9 дүүргийн 50 шалгалтын төвөөс сонголт хийн, цөөн тооны аймаг, дүүргийг сонгон шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх “Шилэн технологи” нэвтрүүлэх ажээ.
Өнгөрсөн ням гаригт Боловсролын үнэлгээний төвөөс шилэн технологи нэвтрүүлэх ажлаа танилцуулсан байна. Энэ үеэр 7000 орчим шалгуулагч ЭЕШ-ын тест бөглөн, тэр даруйдаа засагч машинд уншуулан хариугаа мэдэж авчээ. Ирэх жилээс ЭЕШ-ыг 100 хувь шилэн технологиор шийдэхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42217
0 эможи
keyboard_arrow_up