Харвардын анагаах ухааны их сургуулийн T2T хөтөлбөр Монголд хэрэгжихээр боллоо
2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны дэмжлэгтэйгээр Монгол улсын Үндэсний хэмжээний Анагаах Ухаан, эрүүл мэндийн салбарын сургуулиудын эрдэмтэн, багш нарын чадавхыг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн боловсролын шинэчлэл төслийн хүрээнд АНУ-ын Харвардын Анагаах Ухааны Их Сургуулийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал, доктор Ажай Сингх хүрэлцэн ирж, Training to Teachers буюу Т2Т (Faculty Development Training Program) хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Харвардын Их Сургуулийн судалгаа шинжилгээний албан ёсны нэгж байгууллага болох “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ, Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг зохион байгуулж, Эмзүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн удирдах зөвлөлийн дарга, академич Л. Хүрэлбаатар тус хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллахаар боллоо.
Харвардын анагаах ухааны их сургуулийн энэхүү хөтөлбөр нь анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын эрдэмтэн, багш нарт клиникийн судалгаа, клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барилыг тэнхимийн болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр явуулдаг. Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан уг хөтөлбөр нь есөн сарын турш үргэлжлэх ба Харвардын Анагаахын Ухааны Их Сургууль дээр хэрэглэгдэж буй заах арга зүйн орчин үеийн техник, Харвардын анагаахын их сургуулийн кэйс болон оролцоон дээр суурилсан, багаар ажиллах чадварыг сайжруулдгаараа онцлогтой. Түүнчлэн, ‘’Critical thinking skills“ буюу шүүмжлэлт харьцуулалтын ур чадварыг эзэмшүүлэх юм. Сургалтад хамрагдаж амжилттай төгссөн 100 хүнд Харвардын анагаах ухааны их сургуулийн сертификат олгох юм.