МУИС оюутан элсүүлэх журмаа шинэчилжээ
Монгол Улсын их сургууль бакалавр мэргэжлээр суралцах өдрийн ангийн оюутныг элсүүлэх журмаа шинэчлэн баталжээ. Тодруулбал, 2017-2018 оны хичээлийн жилд хэдэн оюутан элсүүлэх хяналтын тоог сургуулийн Удирдах зөвлөлөөс батлах юм. МУИС-д элсэхийг хүссэн иргэд орон даяар цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn бүртгүүлнэ. Бүртгэлийг ирэх тавдугаар сарын 1-ний 09.00 цагт нээж, долдугаар сарын 3-ны 18.00 цагт хаах юм.
Элсэгчид МУИС-ийн бүрэлдэхүүн хэдэн ч сургуульд бүртгүүлж болох бөгөөд бүртгэлийн хураамж 9000 төгрөг аж. Харин Завхан, Орхон аймаг дахь салбар сургуульд элсэгчдийн бүртгэлийн хураамж 1000 төгрөг байх юм.
Элсэлтийн бүртгэлийг хааснааас хойш нэг өдрийн дараа Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын дүнг татан авч, бүрэлдэхүүн салбар сургуулиуддаа онооны дарааллаар нь эрэмбэлнэ.
МУИС-д элсэгчдийн суурь болон дагалдах шалгалтын оноо нь БСШУЯ-наас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго онооноос багагүй байна гэж МУИС цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.