Монгол-Германы ашигт малтмалын технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
Айлчлалын хүрээнд Фухтел дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Монгол-Германы ашигт малтмалын технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Монгол Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайд Ц.Болор, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон холбогдох албаны хүмүүс тус сургуульд ажиллав. Энэ үеэр Фухтел болон хатагтай Б.Баярсайхан нар тус сургуулийн багш, оюутнуудтай хийсэн уулзалтад үг хэлж, сургуулийн номын сангаар зочлон эрдэмтэн багш нарын судалгааны ажил, хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцав.
Тус сургуулийн инженерийн факультетийн декан Гүнтер Штерийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор боловсруулсан “Цэвэр агаартай гэр хороолол” төслийг Монголд болон агаарын бохирдол ихтэй орнуудын хэрэглээнд амжилттай нэвтрүүлэхийн тулд цэвэрлэгээ үйлчилгээг энгийн хялбар болгох шаардлагатай хэмээн Фухтел зөвлөв. Тэрбээр тус төсөл, түүний ач холбогдлын талаар ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яаманд танилцуулж, цаашид жишиг төсөл болгон дэмжих боломжийг судална гэдгээ илэрхийллээ.
МГТИС нь Монгол Улсын БСШУСЯ болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны "Хамтарсан мэдэгдэл", Монгол Улсын БСШУСЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд 2013 онд байгуулагдсан юм. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ хоёр орны Засгийн газар тус сургуулийг хөгжүүлэх нэгдүгээр шатны гэрээг амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс хоёрдугаар шатны гэрээг 2016-2019 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр дахин байгуулсан нь хоёр улсын боловсрол, эрдэс баялаг, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг бодитоор дэмжсэн томоохон баримт бичиг болсныг онцлон тэмдэглэлээ. Ноён Фухтел, хатагтай Б.Баярсайхан нар айлчлалын дурсгал болгож хүндэт дэвтэрт сэтгэгдлээ үлдээн сургуулийн гадаах талбайд мод тарив.