“Монгол хүн” хүмүүжлийн аяны анхдугаар зөвлөгөөн боллоо
Зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлага, ажилтнууд оролцлоо.
Тус арга хэмжээг БСШУС-ын сайд Ж.Батсуурь нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшихөд чиглэсэн олон сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү “Монгол хүн” аян юм. Эх орны маань шавхагдашгүй ундарга болсон хүүхэд, залуучуудад чанартай боловсрол эзэмшүүлэх их үйлсийг нэр төртэй биелүүлэх, боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилтоо амжилттай хэрэгжүүлэх үйл хэргийг та бүхэнтэй хамтран бүтээх болно. Энэ эрхэм зорилтыг хангахад боловсролын байгууллагын багш, удирдах ажилтан бид бүхэн тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэж байна” гэв.
Тус зөвлөгөөнөөр “Монгол хүүхэд”, “Монгол хүн”-ийг бий болгох, хүмүүжлийн асуудлыг түлхүү хөндөн ярилцсан юм. Тус аянд төрийн болон хувийн өмчийн 623 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, найман боловсролын төв хамрагдах бөгөөд 2020 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх аж. Аяны үр дүнг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм.