“МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ” төслийн II шатны гэрээнд гарын үсэг зурлаа

2017 оны 2 сарын 24
Өнөөдөр /2017.02.24/ БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пасcон, төслийн удирдагч Др.Франк Вүллкопф нар “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хоёр дахь шатны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь  Монгол Улсын БСШУЯ болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны "Хамтарсан мэдэгдэл", БСШУЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд 2013 онд байгуулагдсан. 

Энэ сургуулийг байгуулснаар Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн, Германы дээд боловсрол, шинжлэх ухааны тэргүүн туршлагыг нэвтрүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой юм. Төслийн I дүгээр  шатны хүрээнд сургууль байгуулах, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг төлөвшүүлэн сургалтад шаардлагатай ном, сурах бичиг болон лабораторийн зарим тоног төхөөрөмжөөр ханган МГТИС-ийн менежмент, маркетингийн үйл ажиллагаа болон логистикийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжэг үзүүлж, төслийн санхүүжилтээр тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийгээд байна. Улмаар  өнгөрөгч 2016 оны 6 дугаар сард амжилттай хэрэгжиж дууссан. 

Тэгвэл хоёр дахь шатны гэрээ нь  Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их Сургуулийн бие даасан тогтвортой хөгжлийг хангах, чанарын хяналтыг сайжруулах, цаашид судалгааны их сургууль болгон хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор хийгдэж байгаа бөгөөд 2019 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.  2019 онд төсөл хэрэгжиж дуусахад тус сургууль  нь Европын стандартад нийцсэн инженерийн боловсон хүчнийг Монголд бэлтгэдэг хүний нөөцийн болон дэд бүтцийн цогц cистем бүхий судалгааны их сургуулийн болон хөгжих суурь тавигдах юм.

Тус сургууль нь Монгол Улсын уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт дутагдалтай байгаа олон улсын түвшинд ажиллах чадвар бүхий инженерүүдийг бэлтгэхийн зэрэгцээ хэрэглээний судалгааг хөгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил болон дээд боловсролын салбарын шинэчлэлд бодит хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41303
0 эможи
keyboard_arrow_up