Шаамар суманд шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
Шаамар суманд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Баясгалант ирээдүй” 2-р цэцэрлэг үүдээ нээлээ. Тус сум 160 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй ч 75 хүүхдийн хүчин чадалтай ганц цэцэрлэгтэй байсан нь энэхүү шинэ цэцэрлэг байгуулах үндэслэл болжээ. Нөгөөтэйгүүр энэхүү шинэ цэцэрлэг нь төв зам дагуу Охиндий багийн айл өрхүүдийн дунд байгуулагдсан учир иргэдтэйгээ улам бүр ойртсон байна. Шинэ цэцэрлэгийн нээлтэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ж.Батсайхан, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Монгол улсын гавъяат тамирчин Т.Үйтүмэн нарын хүмүүс оролцлоо. Сумын 21 хүнийг ажлын байртай болгосон “Баясгалант ирээдүй” 2-р цэцэрлэгт өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхэд хамрагдаж байна.