Шилдэг илтгэлүүд тодорлоо
ҮБХИС-ийн Ахлагчийн сургууль, БХЭШХ, ЗХЖШ-ын тэргүүн ахлагч нар хамтран Зэвсэгт хүчний анги, салбаруудын ахлагч нарын дунд "Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний ахлагчийн сургалт, хөтөлбөрийн агуулгын шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Тус бага хуралд ҮБХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, сургалт хариуцсан дэд захирал, хурандаа П.Жаргалан, ҮБХИС-ийн БХУА-ын эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, бригадын генерал Н.Наран-Очир, эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, хурандаа Л.Батцэнгэл, БХЭШХ-ийн захирал, хурандаа Б.Мөнхсайхан, ЗХЖШ-ын Агаарын цэргийн командлал, Хуурай замын цэргийн командлалын тэргүүн ахлагч нар хүндэт зочдоор оролцлоо. Энэ үеэр шилдэг илтгэлүүдийг тодруулсан юм. Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүдийг БХЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын стратеги төлөвлөлт, бодлого төлөвлөлтийн аюулгүй байдал, орчны судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан техник бодлогын мэргэжилтэн, хошууч Л.Оюунцэцэг, ҮБХИС-ийн БХЭШХ-ийн дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Т.Соронзонболд, Б.Өлзийхуяг нар шилдгүүдийг тодруулав.
Эрдэм шинжилгээний бага хуралд "Мэргэжлийн цэрэгт суурилсан ахлагч нарын сургалт, хөтөлбөрийн агуулгын шинэчлэл" сэдвээр тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн сургагч ахлагч Б.Осор, "Ахлагчийн албаны хөгжил хувь хүний хөгжлөөс эхэлнэ" сэдвээр дэд байрыг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч Ц.Батболд, "Мэргэжлийн цэрэгт суурилсан ахлагчийн сургалт, хөтөлбөрийн агуулгын шинэчлэл" сэдвээр гутгаар байрыг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, ахлах ахлагч Ч.Батболд, "Мэргэжлийн цэргийн сургалтад хүний хөгжил хичээлийг оруулахын ач холбогдол" сэдвээр тусгай байрыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд ахлагч Т.Шинэбаяр нар эзэллээ. Эрдэм шинжилгээний бага хурлыг "Монголын танкчдын холбоо", "Инженерийн цэргийн холбоо" тус тус ивээн тэтгэжээ.