“Дээд боловсролын шинэчлэл-2016” үзэсгэлэн, өдөрлөг боллоо
Дээд боловсролын хөгжлийн бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох, шинэчлэлийн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах, сурталчлах, туршлага солилцох зорилгоор “Дээд боловсролын шинэчлэл-2016” өдөрлөг, үзэсгэлэнг 2016.12.22-23-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын санд зохион байгууллаа.
Арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан нарын холбогдох албаны хүмүүс оролцов.Мөн их, дээд сургуулийн удирдлагууд, оюутан залуусын төлөөлөл оролцсон юм.
Дээд боловсролын чанарын шинэчлэл нь Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг бий болгох, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр дүнг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Орлоготой оюутан”, “Үр дүнд суурилсан боловсрол”, “Судалгаанд суурилсан их сургууль” хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл” ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм. Төслийн зорилго нь дээд боловсролын чанарыг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэх хөтөлбөр боловсруулах, засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөжтэй тогтолцоог нэвтрүүлэх, иргэдэд илүү тэгш хүртээмжтэй дээд боловсрол олгох чиглэлээр шинэчлэлийн санаачлагуудыг хэрэгжүүлэхэд оршиж байна.
Өнгөрсөн хугацаанд төслийн өрсөлдөөнт тэтгэлгийг таван чиглэлээр олгож нийтдээ 4.285.703.250 төгрөгийн санхүүжилт бүхий 207 төслийг 1042 багш, судлаач, оюутан хэрэгжүүлж байна. Тодруулбал, дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих 15 төсөл, дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх хоёр төсөл, судалгааны 60 төсөл, оюутны 117 тэтгэлгийг хүртсэн төслийн эхний үр дүнг энэхүү арга хэмжээний үеэр танилцуулсан юм. Түүнчлэн судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд дундын ашиглалтын нээлттэй хэлбэрээр ажиллах 12 лабораторид нийт нэг сая 103 мянган ам.долларын тоног төхөөрөмжийг МУИС, ШУТИС-д нийлүүлжээ.