“Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” номын нээлт болов
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эрдэмтэд судлаачдын төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар үг хэлсэн юм.
“Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” бүтээлийн тухай
Уг бүтээл нь монгол түмний оюуны соёлын нандин сурвалж дэлхий дахинд хэрхэн түгсэнийг баримтаар харуулаад зогсохгүй “Монголын нууц товчоон”-ы судалгааг шинэ шатанд гаргахад судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох юм.
Монгол туургатны язгуур эх түүх, үндэсний хэл бичиг, ардын билиг зүй, эртний утга зохиол, монгол хүмүүний ёс заншлын их нэвтэрхий толь бичиг, уламжлалт оюуны соёлын хосгүй гайхамшигт туурвил болох “Монголын нууц товчоо”-г дэлхийн 30 гаруй улс оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг гуч шахам хэлээр орчуулж, эл сурвалж таван тивд түгэн тархжээ. Эдүгээ вьетнам, румын хэлээр орчуулж байгаа аж. Энэ баримтаас харахад “Монголын нууц товчоо” хэмээх монгол туургатны оюуны нандин сурвалж монголчуудаар овоглосон дэлхийн бүтээл болсон байна. Бас комикс цуврал, брайль үсэг, жүжиг хэлбэрээр ч олны хүртээл болжээ.
2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд “Монголын нууц товчооны каталоги” сэдэвт төслийг хэрэгжүүлж, түүний үр дүнд “Дэлхийд түгсэн МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” хэмээх энэхүү бүтээлийг хэвлүүлжээ. Уг номыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид хамтран бүтээжээ. Төслийн удирдагчаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар ажилласан. Эл бүтээл эдүгээ дэлхий дахинд гарсан “Монголын нууц товчоо”-ны холбогдолтой бие даасан номын товч танилцуулга төдийгүй уг сурвалж дэлхий дахинаа түгэн тархсаныг батлан харуулах бодит баримтын цоморлог юм. Тус цоморлогт “Монголын нууц товчоо”-ны судалгааны бүтээл, орчуулга хөрвүүлэг, хялбаршуулсан номыг аль болох давхардуулахгүй оруулжээ. Ялангуяа гадаадад хэвлэгдсэн бүтээлийг бүрэн хамруулахыг чухалчилсан байна.
Номын тайлбарыг кирил, монгол бичиг, англи хэлээр бэлтгэж, зарим бүтээлийн галиг, хөрвүүлэг, орчуулгын онцлогийг тодорхой харуулах үүднээс “Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр зүйлийг үлгэр болгон хавсаргажээ. Мөн уг сурвалж бичгийн холбогдолтой марк, тэмдгийг шигтгэн оруулсан байна.
“Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн тухай
“Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн онцлог нь Монголын түүхийг сонирхон үзэхийг хүссэн хэн бүхэнд мэдлэг өгөх төдийгүй, өөр өөрийн мэддэг түүхийн аливаа асуудлаар дэлхийн аль ч булан бүрээс тус толийн толгой үгийг бүтээх боломжтой болж байгаа тул хүн бүр эх түүхээ бүтээхэд хувь нэмрээ оруулах, эцэг өвгөдөөс мэдсэн мэдлэгээ үлдээх боломж бүрэн нээлттэй боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын багийн бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийг сүүлийн жил гаруй хугацаанд хийж дуусгасан байна. Төслийн гүйцэтгэгч багийн ахлагчаар ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор С.Чулуун ажилласан юм.
Тус төсөл нь агуулгын хувьд Монгол нутагт хүн үүссэн цаг үеэс эхлэн өнөөг хүртэлх 800 мянган жилийн Монголын түүхийн тулгуур гол дурсгалууд, түүхэн зүтгэлтэнүүд, түүхийн үйл явдал, үйл явцыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын үндсэн суурь судалгаанд үндэслэн, олон хэлний сурвалж эх хэрэглэгдэхүүн, архивын баримт, аман түүхийн мэдээлэл ашиглаж шинжлэх ухааны судалгааг үндэслэн олон нийтэд түүхийг цогцоор нь, үнэн зөв ойлголт өгөх, эх түүхийн мэдлэгийг өргөжүүлэх, түүхийн судалгааг өргөн олонд хүртээмжтэй байлгах үүднээс хийгдсэн байна. Монголын түүхийн цахим тайлбар толь нь түүхийн судалгааны хамгийн сүүлийн үеийн болон хамгийн бодитой судалсан эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн болно. Түүнээс гадна Монголын түүхийн аливаа асуудлыг судлахад монголын байр суурь, монголын судалгааны чиг хандлагыг зөв харахад томоохон түлхэц өгөх ажил болжээ.
Тус тольд эхний удаад нийт 999 толгой үгийг багтаасан бөгөөд урьд өмнө ийм том хэмжээний монголын түүхийн толь бичиг Монгол улсад ч, дэлхийн улс орнуудад ч гарч байгаагүй болно. Уг толь нь анх удаагаа орчин үеийн монгол үсгээс гадна хуучин монгол бичиг, аудио хэлбэрээр хийгдэж байгаа нь хэн бүхэнд илүү сонирхолтой болох бөгөөд хамрах хүрээг өргөжүүлсэн байна.
Тус түүхийн тольд нийтдээ 2000 гаруй гэрэл зураг, түүхийн баримт, эх сурвалжийг багтаасан бөгөөд 4000 гаруй нэмж дэлгэрүүлж унших эх сурвалж, ном, өгүүлэлийн нэрсийг бас багтаажээ. Уг төсөл нь ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнд түшиглэн тасралтгүй үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд 5000 толгой үгийг бүтээхээр зорьж байгаа юм.