Оюутны зээлийг хоёр банкаар олгож байна

2016 оны 12 сарын 16

Оюутны сургалтын төлбөрийн зээлийг өнөөдрөөс эхлэн Капитрон, Голомт банкаар олгож эхэлжээ. Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны зээлийг олгох шийдвэрийг гаргасан. 

Оюутны хөгжлийн зээлийг олгох журмыг боловсруулж дуусаагүй дөрвөн банк байгаа аж. Харин Капитрон, Голомт банк журмаа боловсруулаад дуусчихсан тул ийнхүү зээлийн материалаа хүлээн авч эхэлсэн байна.

Зээлд хамрагдах оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлж, банкинд хандана.

  • Зээл хүссэн өргөдөл
  • Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
  • Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Одоогийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 75 их, дээд сургууль оюутны төлбөрийн зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлжээ. Зарим орон нутгийн их, дээд сургуулиуд гэрээнд гарын үсэг зурж амжаагүй байгаа гэнэ. Оюутны хөгжлийн зээлд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутнууд хамрагдах боломжтой. Зээл авсан оюутнууд сургуулиа төгсөж, ажил эрхлэх явцдаа таван хувийн хүүтэйгээр төлбөрөө эргүүлэн төлнө.

Оюутны сургалтын төлбөрийн зээлд энэ оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд 2016 оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39095
0 эможи
keyboard_arrow_up