Оюутны сургалтын зээлийг ӨНӨӨДРӨӨС олгож эхэлнэ
Оюутны сургалтын төлбөрийн зээлийг өнөөдрөөс буюу энэ сарын 05-наас эхлэн олгох болсноо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны /БСШУСЯ/ дэд сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн лхагва гаригт мэдэгдсэн. Оюутны сургалтын төлбөрийн зээлийг Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитрон банкнуудаар дамжуулан олгохоор салбарын яам нь гэрээ байгуулсан юм.
Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой гэж салбарын яам нь тооцоолсон. Энэ зорилгоор энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ.
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой бөгөөд сургуулиа төгсөж, ажил эрхээд таван хувийн хүүтэйгээр төлбөрөө эргэн төлөх юм.
Оюутны зээлд хамрагдахын тулд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
Үүнд:
-Зээл хүссэн өргөдөл.
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/.
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар.
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.
Сургалтын төлбөрийн зээлд хамрагдах оюутнууд дараах шаардлагыг хангасан байна.
-Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх.
-Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх.
-Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх.