Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ
Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний баталж, танилцуулсан билээ. Ингэснээр хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт цаашид тогтвортой мөрдөгдөхөөр болсон юм.
Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрана. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм. Өөрөөр хэлбэл хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.
Харин аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байхаар болсон. Мөн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох аймгийн Засаг даргад олгожээ.
Сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулалтыг мөн хийсэн юм. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс тус тус амардаг болно.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа
Нийслэлийн сурагчдын:
1 дүгээр улирлын амралт
Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
- Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:
1 дүгээр улирлын амралт
Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;
3 дугаар улирлын дундуур
Цагаан сарын амралт 1 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.