ОХУ-ын оны шилдгээр Монгол оюутан тодорлоо
Монгол оюутан ОХУ-ын 2016 оны шилдэг оюутнаар шалгарлаа. ОХУ-ын шилдэг оюутан шалгаруулдаг “Студент года-2016” үндэсний уралдаан энэ сарын 14-18-нд Ставрополь хотын Хойд Кавказын холбооны их сургууль дээр болж өндөрлөсөн байна. Уралдаанд ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 200 гаруй оюутан оролцжээ. Ингээд тэргүүн байр буюу шилдэг оюутнаар Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын нэгдүгээр дамжааны оюутан Ц.Лхагвацэнд гэх монгол оюутан түрүүлсэн юм.
Түүний гаргасан энэхүү амжилтад ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн байна. Уг мэндчилгээнд “ОХУ-ын нэр төртэй уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзлэн эх орныхоо нэрийг дуурсган, монгол оюутны нэр хүндийг өндөрт өргөсөн Ц.Лхагвацэнддээ ЭСЯ-ны хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдынх нь сурлага, хөдөлмөрт амжилт хүсэн ерөөж байна" гэжээ.