Сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал үндэсний бодлогын чуулган эхэллээ

2016 оны 11 сарын 28

БСШУСЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн хөтөлбөр, ДЗМОУБ хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчныг бүрдүүлэх, газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн, сургуулийн аюулгүй орчныг бүрдүүлсэн туршлагуудтай танилцан, цаашид хийх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” бодлогын чуулганыг 2016 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү бодлогын чуулганд орон нутгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтэн, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, яам, онцгой байдлын газрын төлөөлөл, дотоодын болон олон улсын байгууллагуудын төлөөлөл нийт 170 гаруй төлөөлөгч оролцож, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, суралцагчдын аюулгүй суралцах орчныг бүрдүүлж байгаа сайн туршлагаас хуваалцаж, цаашид хамтран ажиллах бодлогын  чиглэлийг тодорхойлж байгаагаараа ач холбогдолтой юм. Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь гэр бүл, сургууль, төрийн болон олон нийтийн байгууллагын нэгдмэл үзэл санаа, ойлголцол дээр бий болсон хамтын үйл ажиллагаа, хүчин чармайлтаар хэрэгжинэ. Хэдийгээр эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч өнөөгийн түвшинд хийсэн зүйлээ дүгнэн, цаашид хийх арга хэмжээний чиглэлээ тодорхойлох юм.

Сүүлийн жилүүдэд бүс нутаг, дэлхийн хэмжээнд гамшгийн төрөл, тоо, давтамж нэмэгдэж,  гамшгийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал амьтан олноороо хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хохирол учрах нь түгээмэл болж байна. Тэр дундаа гамшиг, осолд өртөж буй нийт хүн амын 30 гаруй хувийг хүүхэд залуучууд эзэлж байгаа нь сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байна.  Иймд гамшгийн үе дэх боловсролын салбарын бэлэн байдал, хүүхэд хамгааллын асуудал, бусад салбарын оролцоог хангасан богино болон урт хугацааны урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх цогц үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг улс орон бүр төрийн бодлогын түвшинд авч үзэх боллоо. Дэлхий нийтээрээ 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтод ч энэ талаар тусгагдан улс орон бүр арга замаа тодорхойлон хэрэгжүүлж эхэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл суралцах орчин болгох, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд аюулгүй байдлын сургалтыг нэвтрүүлж, хүүхдийг эрсдэлгүй, осол эндэлгүй, аюулгүй, эрүүл амьдрах чадварт сургах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 852 цэцэрлэгт 208 мянга гаруй хүүхэд, 655 сургуульд 534.6 мянган суралцагч 457 дотуур байрт 33 мянга гаруй суралцагч амьдарч боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул, санамсар болгоомжгүй байдлаас үүдэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд 230 гаруй хүүхэд бэртэж гэмтэн, 500 гаруй хүүхэд амь насаа алдсанаас үзэхэд гамшгийн эрсдэлийг бууруулахад, гамшиг, ослыг хохирол багатай даван туулахад онцгой байдлын байгууллагаас гадна эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, бусад байгууллагууд, олон нийтийн оролцоо чухал гэдгийг харуулж байгаа юм. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд 2-18 насны хүүхдүүд хамрагддаг онцгой салбар болохын хувьд гамшиг, ослын үед боловсролын салбарын бэлэн байдлыг хангах, хүүхэд хамгааллын чиглэлээр  тус яам зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38505
0 эможи
keyboard_arrow_up