БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгүүдэд чиглэл өгчээ
Хүйтний эрч чангарч, улсын хэмжээнд томуугийн вирусын шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзэхэд, томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 93.1 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж. Иймд БСШУСЯ-наас томуугийн дэгдэлттэй холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдэд чиглэл өгчээ. Үүнд:
1.Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай болон дотуур байранд амьдарч буй суралцагчдад үйлчилж буй хоолны илчлэг, шим тэжээллэг байдал, чанарт байнгын хяналт тавьж, халуун аарц, сүү, байгалийн жимсгэнийн шүүс уулгаж байх
2.Суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт ханиад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, сургалт зохион байгуулах, Эрүүл мэндийн яамнаас зөвлөмжилсөн “Цэгэн иллэг”-ийг зааврын дагуу заавал хийж сургах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
3.Өвлийн улиралд хүүхдийг даарч хөрөхөөс сэргийлэн дулаан хувцас, малгай, бээлийг заавал хэрэглүүлж хэвшүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хамтран ажиллах
4.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эрүүл мэндийн үзлэгийг тогтмолжуулж, өвчилсөн тохиолдолд эмчээс өгсөн зааврын дагуу эмчлүүлж байх талаар эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөх
5.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадна талбайд хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэх, хүүхдийг сургуулийн орчинд ахуйн болон зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс сэргийлэхэд чиглэсэн бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
6.Бага ангийн суралцагчдыг хичээл тарсны дараа эцэг эх, асран хамгаалагч нарт нь заавал хүлээлгэн өгч байх
7.Цэцэрлэг, сургууль, дотуур байрын анги танхим, өрөө тасалгааны дулааныг хянаж, халаалт, түлээ нүүрсний татан авалт, нөөцөд анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах зэрэг чиглэлийг өгсөн байна.