БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайхан “Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аяны нээлтэд оролцлоо
Тэрбээр хэлсэн үгэндээ “Бид хүүхдийг аюулгүй орчинд сурч, боловсрох, амьдрах нөхцлийг сайжруулах, бусдаар хүндлэгдэх, хайрлагдах хэрэгцээ, эрхийг нь хангах үүргийнхээ хүрээнд Anti-bullying буюу гадуурхлын эсрэг “Цахим гадуурхал цаашаа” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд санаачлан эхлүүллээ. Энэхүү ажлыг төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид байгууллага дотроо үйл ажиллагааны шинэчлэл хийж, төлөвлөн, цаг тухай бүрт гарч буй өөрчлөлтийг хянаж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, аргазүй, зохион байгуулалтаар тасралтгүй хангаж, ажиллах бүрэн боломжтойг онцлон дурьдахыг хүсч байна” гэв.
Тус аяныг БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, орон нутгийн Засаг даргын тамгын газар, аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна. “Нэг санаачлага-Нэг ажил” үндэсний аяныг “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ТЭГ болгоё”, “Цахим гадуурхал цаашаа”, “Дээрэлхэл, гадуурхлыг таслан зогсооё” уриан дор зохион байгуулж байгаа юм.
Энэхүү аянаар дамжуулан эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдэд хүчирхийллийн хор уршиг болон хүмүүжлийн эерэг аргыг мэдүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг таниулах, эерэг ойлголтыг нийгэмд түгээх зорилготой.