ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЛБАР

2016 оны 11 сарын 07

БСШУС-ын сайд Ж.Батсуурь хилийн чанадад байгаа монгол эрдэмтэн, судлаачдад хандан ил захидал илгээлээ

Дэлхийн өнцөг булан бүрт судалгаа,  шинжилгээний ажил хийж яваа Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид Та бүгдийн амар амгаланг эрэхийн ялдамд удахгүй болох Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе.

Монгол эрдэмтэн, судлаачид та бүхэн гадаадын өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад дэлхийн түвшиний судалгааны ажил хийж, олон шинэ бүтээл туурвиж байгаад бид бахархаж байдаг билээ.  

Өнөөдөр манай улсын нийгэм эдийн засгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд шинэ хандлага, шинэ хамтын ажиллагааны арга хэрэгслүүдийг ашиглах асуудал амьдралаас урган гарч байна.

Шинэ Засгийн газар улс орны ирээдүйн хөгжлийн гарц бол шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал гэж үзээд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухаанд зарцуулах төсвийн мөнгийг 5 дахин нэмэх зорилт тавин ажиллаж байна.

Шинжлэх ухааныг эрчимтэй хөгжүүлж, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд амжилттай нэвтрүүлж чадсан улс орнууд л цэцэглэн хөгжиж байна.

Ийм учраас манай Засгийн газар эх орондоо эрдэмтэн судлаачдынхаа ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол газар болох шинжлэх ухааны парк барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна

Эх орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлж хүн ардаа баян чинээлэг амьдрах боломжтой, хүчирхэг эдийн засагтай орон болгох их үйлсэд оролцоно уу хэмээн Монгол эрдэмтэн Таныг Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам урьж байна.

Ийм үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд Та бүгд өөрсдийн хаяг, хийж байгаа ажлынхаа тухай мэдээллийг манай яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар доорхи хаягаар ирүүлнэ үү?

Шинжлэх ухааны Академийг Д.Рэгдэл удирдана

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат академич Дүгэрийн Рэгдэлийг Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөр батламжилсныг БСШУС-ын сайд Ж.Батсуурь гардуулан өглөө. 

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ. Улмаар 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

БСШУСЯ-ААС “КИРИЛ ҮСГИЙН ДҮРЭМ”-ИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоол батлагдсантай холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэл хийлээ.  

Тус тогтоолд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд гаргасан “Монгол үсгийн дүрмийн толь”, түүнд хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг баталгаажуулан дагаж, мөрдөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрэм”-ийг цаашид баталгаажуулан тогтвортой дагаж, мөрдөнө гэдгийг энэ үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь онцоллоо.

 Тухайн толийг гартал Монголын ард түмэн “Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны үсгийн дүрмийн журамласан толь”-ийг дагаж мөрдөнө.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болгов

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын нэрийг өөрчилж, Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа.  

Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн тул гадаадын улс орнуудын  ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагатай байгаа гэв. Дашрамд дурдахад,  Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагджээ.  Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй байгууллага болсон аж.

"Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулж буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд  БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцлоо.

2011 оноос уламжлал болгон зохион байгуулж буй тус үзэсгэлэн олон улсын хэмжээнд болон өргөжиж, таван улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцсоноороо онцлог байв.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн н.Базаррагчаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, олон улсын “Монгол уран бичлэгийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар, ӨМӨЗО-ны “Монгол уран бичлэгийн нийгэмлэг”-ийн тэргүүлэгч Б.Оргил, Буриад улсын “Монгол уран бичлэгийн холбоо”-ны тэргүүн М.Я.Дамбаева, Халимаг улсын “Монгол уран бичлэгийн холбоо”-ны тэргүүн Е.В. Бембеев нарын төлөөлөл оролцсон юм.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37820
0 эможи
keyboard_arrow_up