Их, дээд сургуулийн шилдэг 50 оюутанд тэтгэлэг олгоно
Монгол Улсын дотоодын бүх их, дээд сургуулиудаас шалгарсан шилдэг 50 оюутанд Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сан хамтран тэтгэлэг олгоно.
Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сан хамтран зохион байгуулдаг Их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийн ээлжит шалгаруулалт болж, 614 оюутан өрсөлдсөн байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудын хоёроос дээш курст суралцдаг, голч дүн 3.2-оос дээш, суралцах эрмэлзэл, нийгмийн идэвхтэй хэдий ч санхүүгийн боломж тааруу оюутнуудыг харгалзан шалгаруулжээ.
Шалгарсан оюутнуудад бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох батламжийг энэ сарын 14-нд "Central Tower Convention Center"-ийн 412 тоотод гардуулах юм байна. Ёслолд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч болон Зориг сангийн тэргүүн С.Оюун нар оролцох аж.