“Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт” боллоо
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсч, хөгжсөний 95 жил, олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй 30 гаруй ахмад багшийн төлөөлөл оролцсон юм. Уулзалтыг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь үг хэлсэн бөгөөд тэрбээр “Монгол Улсад 30 гаруй мянган ахмад багш бий. Тэдний төлөөлөл өнөөдөр энд хуран цуглаж, дурсамжаа ярилцаж сууна. Монгол Улсын хөгжлийг түүчээлсэн үе, үеийн төлөөлөл болсон та бүхэндээ баярын мэнд хүргэе. Эрдэм, номын буян дэлгэрэх болтугай” гэв. Үүний дараа ахмад багш М.Тунгалаг, Ц.Чулуунцэцэг нарыг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, н.Оюунцэцэг, н.Цэндсүрэн нарын багш нарыг “Бүтээлч багш”-аар шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналыг Ж.Батсуурь гардууллаа. Мөн энэхүү арга хэмжээний үеэр төр, нийгмийн зүтгэлтнүүд багшдаа хүндэтгэл үзүүлсэн юм. Дашрамд дурдахад, 10 гаруй жилийн түүхтэй “Монголын ахмад багш нарын холбоо”-г Монгол Улсын Гавьяат багш, профессор Д.Амар тэргүүлдэг бөгөөд тэд удахгүй “Бүтээлч багш нарын III зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар төлөвлөж байна.