“НУУЦ ТОВЧОО” БОЛОН “АЛТАН ТОВЧ”-ийг англи хэлнээ хөрвүүлсэн нэрт монголч эрдэмтэд таалал төгслөө

2016 оны 9 сарын 19

Дэлхийн монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэд Профессор Игор Де Ракевилц, Профессор Чарльз Роскелли Боуден нар хоорондоо хоёр долоо хоногийн зайтай ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.Де Ракевилц 2016 оны 7 сарын 30-ны өдөр 87 насандаа, Профессор Чарльз Боуден 8 сарын 11-ний өдөр 92 нас зооглоод насан өөд болцгоолоо.

Монголч эрдэмтэн Профессор Де Ракевилц Монголын түүх, соёлын бичгийн их дурсгал “Нууц Товчоо”-г Монгол хэлнээс Англи хэл рүү хэл зүйн дэлгэрэнгүй тайлбартайгаар хөрвүүлэн дэлхийн олон сая уншигчдын хүртээл болгосон юм.

Түүний эл хөрвүүлэг Австралийн Их Сургуулиас эрхлэн гаргадаг сонины “Дорно дахины түүх, соёл” буланд 1971-1985 онуудад цуврал хэлбэрээр хэвлэгдсэн юм. Улмаар 2004, 2006 онуудад Профессор Де Ракевилц “Нууц Товчоо”-г 2 боть болгон хэвлүүлсэн ба 2015 онд цахим хувилбарт шилжүүлэн нийтийн хүртээл болгожээ. Түүний орчуулга тухайн үеийн академик шалгуурт бүрэн нийцсэн, орчуулгын сор бүтээл болсон юм.

Профессор Де Ракевилц 1929 оны 4 сарын 11-ний өдөр Италийн Ром хотод язгууртаны гэр бүлд мэндэлж улмаар төрсөн хотдоо боловсрол эзэмшжээ. Түүний Татар гаралтай элэнц эмээг монголын дээдэс язгууртаны үр удам гэж үздэг бөгөөд элэнц эмээ нь Чингис хааныг өвөг эцэг буюу Оросоор 'дедушка' гэж нэрийддэг байжээ.

Профессор Де Ракевилц 1961 онд Хятадын түүх судлалаар Канберра дахь Австралийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд XII-XIV зууны үеийн Хятад, Монголын нийгэм улс төр, түүх, соёлын сэдэвтэй олон бүтээл туурвиж хэвлүүлжээ.

Тэрбээр 2013 онд тал цус харвасан ч академи, түүх судлалын ажлаа орхилгүй саяхныг хүртэл 300 жилийн настай алдарт “Гэсэр Хан” туулийн 1716 онд модон бараар хэвлэсэн сонгомол эхийг орчуулж байсан юм.

Тэрээр Итали, Англи, Франц хэлийг төгс эзэмшсэн ба Латин, Сонгодог Грек, Испани, Герман, Орос, Хятад, Япон болон Монгол хэлийг унших, бичих түвшинд эзэмшсэн эрдэмт хүн байв.

2007 онд түүний Монголын түүх соёлын судалгааны ажилд оруулсан хувь нэмрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж “Алтан Гадас” одонгоор шагнасан байна.

Мөн онд монгол судлаач Де Ракевилц нийт 6000 боть номноос бүрдсэн, түүх, соёл, хэл бичгийн арвин цуглуулгатай хувийн номын сангаа Бельги улсын Фердинанд Вербестийн хүрээлэнд хандивлажээ.

Чарльз Роскелли Боуден 1924 оны 4 сарын 22-ны өдөр мэндэлсэн бөгөөд 1955-1984 онуудад Лондонгийн Их Сургуулийн Дорно дахины болон Африк судлалын салбарт монгол хэлний багшаар ажиллаж байсан ба 1970 онд Монгол хэлээр Профессор цол хүртжээ.

Тэрбээр Монгол-Англи хэлний дэлгэрэнгүй толь бичгийг зохион 1997 онд анх хэвлүүлсэн бөгөөд 1955 онд XVII зууны үеийн Монголын түүхийн эх сурвалж бичиг “Алтан товч”-ийг Монгол хэлнээс Англи хэл рүү хөрвүүлсэн юм.

Профессор Боуден 1968 онд “Монголын Орчин Цагийн Түүх” сэдэвт бүтээл болон 2003 онд “Монголын Уламжлалт Уран Зохиол” зэрэг томоохон бүтээлүүдээ туурвижээ.

Тэрбээр баялаг цуглуулгатай хувийн номын сангаа Кембриж дэх эртний Энэтхэг болон Ираны Санд хандивласан юм.

Профессор Боудений хөдөлмөрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж “Алтан Гадас” одонгоор энгэрийг нь мялааж байсан юм.

Энэ хоёр эрдэмтэн Монгол орноор зочилж, Монголын эрдэмтэдтэй уулзаж явсан түүхтэй.

Профессор Игор Де Ракевилц (1929.04.11- 2016.07.30)

Түүхч, Монголч эрдэмтэн, хэл зүй судлаач мөн “Монголын Нууц Товчоо”-г хөрвүүлэгч

Профессор Чарльз Роскелли Боуден (1924.04.22- 2016.08.11)

Монголч эрдэмтэн, Хүндэт Профессор болон Алтан Товч”-ийг хөрвүүлэгч

Бичсэн Робин Акройд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36511
0 эможи
keyboard_arrow_up