Гурван цэцэрлэгийн засварыг 15-нд дуусгана
Хичээлийн шинэ жил эхлээд тав дахь хоногтойгоо золгож буй энэ үед гурван цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 86, 77, 95 дугаар цэцэрлэгийн засварын ажил үргэлжилж байгаа юм. 86 дугаар цэцэрлэгийн хувьд их засвар хийгдэх учиртай. Гэвч тендэр удааширсан гэх шалтгаанаар наймдугаар сарын 10-нд засварын ажил эхэлснээс өдгөө хүүхдүүдээ хичээлийн жил эхлэхэд авч амжаагүй. Харин 77, 95 дугаар цэцэрлэгт өргөтгөлийн ажил хийж байна. Албаны хүний мэдээлж буйгаар энэ сарын 15 гэхэд гурван цэцэрлэгийн засварыг бүрэн дуусгаж, хүүхэд хүлээн авна гэлээ.
Цэцэрлэгийнх нь засвар дуусаагүй ч эцэг эхчүүд хүүхдүүдээ аль хэдийн бүртгүүлэн, засварын ажлыг хүлээж байгаа аж.
Энэ жилийн хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 86, 88, 89 дүгээр цэцэрлэгийг зассан. Харин сайдын багцаас дөрвөн цэцэрлэгийг засахаар тооцоолжээ.
Харин сургуулиудын хувьд засварын ажил бүрэн дуусч, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн байна.
Үүнээс гадна нийслэлийн хөрөнгөөр 16 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж байгаа. Энэ онд зургаан цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс тав нь есдүгээр сарын 1-нд нээлтээ хийжээ. Тухайлбал, Хан Уул дүүргийн Өлзийт хороолол, Сонгинохайрхан дүүргийн 24, Баянзүрх дүүргийн 22, 19 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулж, нээлтийг нь хийсэн байна. Цогцолборуудын хувьд 180 хүүхдийн багтаамжтай бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгээс бүрдэх юм.