Дотуур байранд амьдрах оюутнуудыг ДОХ, сүрьеэгийн шинжилгээнд хамрууллаа
2015 онд 16.709 хүн бэлгийн замын өвчин туссан нь өмнөх жилийнхээсээ 1500-гаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Өвчтэй хүмүүсийн олонх нь буюу 93.6 хувь нь 15-44 насныхан байна. Тэр дундаа оюутнуудын дунд “хормойн өвчин” их байгаа учраас БСШУСЯ, ЭМЯ тодорхой бодлого баримталж буй юм билээ. Гадаадад сурах, дотуур байранд амьдрах оюутнуудыг эрүүл мэндийн зарим үзлэг, шинжилгээнд хамруулдаг аж. Тэгвэл өнөө жилээс их, дээд сургуулийн дотуур байранд орох оюутнуудаас сүрьеэ, ДОХ, тэмбүүгийн шинжилгээ авч, хамуугийн үзлэг хийдэг боллоо. Үзлэг, шинжилгээг өнгөрсөн наймдугаар сарын 20-31-нд улсын сургуулиудад зохион байгуулав. МУБИС гэхэд 1500 гаруй оюутныг шинжилгээнд хамруулж, өвчин илрээгүйг нь дотуур байранд оруулсан байна. ДОХ, тэмбүүгийн шинжилгээг 7000 төгрөгөөр хийж, сүрьеэгийн рентгэн зургийг 8000-аар авч, хамууг үнэгүй үзжээ. Хэрвээ өвчнөө илрүүлж, эмчлүүлэлгүйгээр дотуур байранд орвол бусдадаа халдаах эрсдэлтэйг албаны хүмүүс хэллээ.