Хувийн дунд сургуулийн төлбөр 55 сая төгрөгт хүрчээ
Жил бүрийн намар их, дээд сургуулиудын төлбөр хэдэн хувиар нэмэгдэх бол гэсэн бодол эцэг, эхчүүдийн санааг багагүй зовоодог. Гэтэл хувийн гэсэн тодотголтой дунд сургуулиудын төлбөрийн нэмэгдэл аль хэдийн тэнгэрт хадаж 66 сая төгрөгт хүрснийг анхаарах сэхээтэй хүн бараг байдаггүй. Арга ч үгүй биз дээ амьдралын боломжтой, 60, 70 хүртэлх сая төгрөгийн төлбөр төлөхдөө хотойхооргүй баячуудын хүүхдүүд суралцдаг болохоор төлбөрийн нэмэгдэл ч асуудал биш байх. Гадаад, дотоодын гэсэн нэр хаягтай тэдгээр сургуулийн төлбөрийг их, дээд сургуулийн төлбөртэй харьцуулахад манай оюутнууд дипломын боловсролыг харин ч хамгийн бага зардлаар олж авдаг юм байна. Хоёрдугаарт, бидний олонх нь төлбөр авдаггүй, төсвөөс санхүүждэг улсын дунд сургуулиудад хүүхдээ суралцуулдаг учраас энэ талаарх мэдээллийг төдийлөн сонирхдоггүй юм байна. Тэр тусмаа төрийн албанд ажилладаг, төсвөөс цалинждаг, төлбөрийн чадваргүй иргэд хүүхдээ хамгийн ойр, хаяандаа байгаа сургуульд нь өгдөг. Мөн харьяа сургуулийнх нь сургалт чанаргүй санагдвал сайндаа л хотын төвийн сургуульд, нийслэлдээ нэр хүндтэй гэгдэх 1, 2, 3 дугаар сургуульд, гүнзгийрүүлсэн сургалттай ангид хүүхдээ суралцуулахыг хүсдэг нь нууц биш. Гэтэл амьдралын боломжтой зарим эцэг, эх арай л өөрөөр сэтгээд эхэлжээ. Тэдний хувьд хүүхдээ гадаадад суралцуулахаас илүүтэй дотооддоо өндөр зэрэглэлийн боловсрол эзэмшүүлэх сонирхолтой болсон байна. Ингээд та бүхэндээ хувийн дунд сургуулиудын төлбөрийг сонирхуулъя.
Монголдоо хамгийн өндөр зэрэглэлд тооцогддог “International School of Ulaanbaatar” буюу Олон улсын дунд сургуулийн бага ангийн төлбөр 19 мянга 24 ам.доллар буюу 42 сая 724 мянган төгрөг байна. Харин дунд ангийн сургалтын төлбөр нь 23 мянга 198 ам.доллар буюу 52 сая 79 мянган төгрөг. Ахлах анги буюу 11-12 ангийн сургалтын төлбөр нь 24 мянга 714 ам.доллар буюу 55 сая 482 мянган төгрөг төлөх юм байна.
Харин “Аmerican school of Ulaanbaatar” бага анги буюу 1-5-р анги хүртэлх ангийн төлбөр 14 сая 300 мянган төгрөг байна. Харин ахлах болон дунд ангийн сурагчийн нэг жилийн сургалтын төлбөр нь 18-22 сая төгрөг, “Ulaanbaatar elite international school” сургуулийн Бага ангийн сурагчийн төлбөр нь 9 сая 950 мянган төгрөг бол дунд болон ахлах ангийн төлбөр нь 11.3 саяас 11.9 сая төгрөг байна. Мөн “Сант” сургуулийн төлбөр нь 6 сая төгрөг, “Шинэ Монгол” сургуулийнх 4.5 сая төгрөг юм байна.