Хүүхдээ сургуульд бүртгүүлэх эцэг эхчүүдийн анхааралд
Улсын хэмжээнд улсын болон хувийн бага, дунд сургууль, цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-нд эхлэнэ. 2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ. Харин таван настай буюу 2011 оны нэгдүгээр сараас хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж. Мөн ямар нэгэн шалтгаанаар өмнө нь сургуульд огт суралцаагүй хүүхдүүд Боловсролын хэлтсээс лавлагаа авсны үндсэн дээр харьяа сургуульдаа бүртгүүлэн суралцах боломжтой.
НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАГЧИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заавал өөрийн биеэр хүүхдийн хамт очих бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
• Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
• Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
• 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
• Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон эцэг, эхчүүдийн хурууны хээ бүхий Иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг үзнэ.
Хүүхдийг бүртгүүлэхэд зарим цэцэрлэг, ЕБС-ийн зүгээс байрны ордер эсвэл газар эзэмших бичиг шаардаж байгаа. Үүний улмаас эцэг эх болон сургуулийн хооронд үл ойлголцол гарч, зарим нэг хүүхэд сургуульд орж чадахгүй болж байгаа ажээ.
Харин энэ байдлыг төрийн байгууллагаас ингэж тайлбарлав. “Эцэг эхчүүд өөрийн ажилтай ойрхон эсвэл тухайн сургуулийн сургалт сайн гэсэн шалтгаанаар өөр харьяаллын хүүхдүүдийг бүртгүүлэх явдал өнгөрсөн жилүүдэд ихээр гарах болсон. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохоор энэ жилээс тухайн сурагч, бүртгүүлж байгаа хүүхэд харьяаллын дагуу мөн эсэхийг баталгаажуулахын тулд шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажуулж байгаа.”гэв.
Хэрвээ тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь бүртгүүлэх хүүхэд, түүний эцэг нэр дээр биш бол тухайн хаяган дээр оршин суудаг гэдгийг хорооны тодорхойлолтоор баталгаажуулах ажээ.