Эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонож эхэлжээ
Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд явуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн хүүхдүүдийг бүртгэхээр албан ёсоор тогтсон юм. Гэтэл энэ долоо хоногоос эхлэн эцэг эхчүүд зарим цэцэрлэгийн гадна дугаарлах болсон байна. Ингэхдээ иргэд өөрсдөө санаачлага гаргаж, дараалалд зогсож байгаа эцэг эхчүүдийг бүртгэж байгаа аж.
Цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байдгаас улбаалж эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонодог байдал сүүлийн хэдэн жил давтагдаж буй. Иймд бүртгэлийг шударга, хүртээмжтэй явуулах үүднээс уламжлалт болон сугалааны аль ч аргаар бүртгэл явуулахыг хориглохгүй хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдэгджээ.