Сургууль цэцэрлэгүүдийн засварын ажил талдаа ч ороогүй байна
Энэ хичээлийн жилд бага ангид 27 мянга гаруй сурагчид шинээр сургуульд элсэн суралцах бол 99 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшнэ. Гэвч тэдний баяр хөөр болон очих сургууль нь сурагчдаа хүлээн авахад бэлэн болоогүй байгаа бөгөөд ажлын явц талдаа орсон гэхэд ч хэцүүхэн байдалтай байгаа юм. Хэдийгээр иймэрхүү байдал жилийн жилд тохиолддог ч энэ жил арай л хэтэрсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь энэ жил Нийслэлийн хэмжээнд улсын төсвөөс гурван цэцэрлэг (86, 88, 89), зургаан сургууль (21, 31, 45, 52, 60, “Шавь” цогцолбор, “Эрдэмийн өргөө” )-ийг л бүрэн засварлахаар төлөвлөж, 80 саяас дээш төсвөөр (13-14 сургууль, цэцэрлэг) сургуулиудын засварын ажил хийхээр төлөвлөжээ. Үндсэн засварын ажил өнгөрсөн сарын 15-наас эхэлж үлдсэн нь энэ сарын нэгнээс эхэлжээ. Үүнийг мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа энэ жилийн төсвийн задаргаа оройтож эхэлснээс болж зарим сургууль цэцэрлэгийн засвар хийх гэрээг саяхан хийсэн гэжээ. Хэдийгээр засварын ажил дуусаагүй байгаа ч бага засвартай обектуудыг энэ сарын 20 гэхэд, ихээхэн засварын ажилтай обектуудыг энэ сарын 30 гэхэд бүрэн хүлээлгэж өгөх үүрэг өгсөн хэмээн өөрсдийн цахим хуудсанд мэдээлжээ.