Нийслэлийн хэмжээнд 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ
Нийслэлээс цэцэрлэг, бага сургуулийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг сайжруулах бодлого баримтлан ажиллаж байна. НИТХ-аас 83 байршилд “Цэцэрлэг-бага сургууль”-ийн цогцолбор барих байршлыг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар 16 байршилд энэхүү цогцолбор ашиглалтад орж, бага насны хүүхдүүд гэрээсээ хамгийн холдоо 500 метр алхаад цэцэрлэг, сургууль руугаа орох боломжтой болжээ. Нийслэлийн хэмжээнд 2012-2016 онуудад улс, нийслэлийн төсөв болон бусад төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 169.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр сургууль, цэцэрлэгийн 104 барилгыг ашиглалтад оруулсан гэсэн мэдээллийг Нийслэлийн Боловсролын газраас өглөө. Тодруулбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 14 сургууль, 46 цэцэрлэгийн шинэ барилга, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 23 сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөл, спорт заалны 5 өргөтгөл ашиглалтад оруулж, ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 17240-өөр, цэцэрлэгийн орны тоог 9 980-аар нэмэгдүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.