"Монгол Улсын түүхэнд анх удаа оюутнуудын санал санаачилгын төлөө тэтгэлэг олгож байна"

2016 оны 5 сарын 26

БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа "L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн Тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийн уралдаанд ирүүлсэн 36 их, дээд сургуулийн 279 төслөөс шалгарсан 34 их, дээд сургуулийн 117 төслийн багт өнөөдөр тэтгэлгийн батламжийг гардууллаа.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр нээн үг хэлэхдээ "Монгол оронд чаддаг хүн цөөхөн байна. Тийм учраас бид дээд боловсролоор дамжуулан энэ цагийн залуус ямар нэгэн юм ЧАДДАГ байлгахын тулд БСШУЯ ажиллаж байна.

Оюутан байхаасаа БҮТЭЭЛЧ баймаар байна. Бүтээлч оюутнуудаа дэмждэг ЗАСАГТАЙ байх хэрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд анх удаа оюутнуудын санал санаачилгын төлөө 342 сая төгрөг тэтгэлгийг олгож байна.

Та нар багш нартайгаа ярилцсан, зөвлөлдсөн. Саналаа гаргасан. Харин биднээс та нарт ИТГЭЛ ӨГЧ байна. Итгэл даагаарай гэж хүсмээр байна.

279 төслөөс 400 гаруй оюутны нийлсэн 117 төсөл шалгарсан. Өрсөлдөөнд та бүхэн ялсан. Өрсөлдөнө гэдэг амаргүй. Ухамсартайгаар найзуудтайгаа урагшаа алхана гэдэг амаргүй.

Өнөөдөр бид нэгнийгээ муулах, багаараа ажиллаж чадахгүй муу зантай. Багаар ажиллаж амжилтад хүрэх зарчмыг Монгол Улсад нэвтрүүлэх анхны том төлөөлөгчид та бүхэн байх болно. Энэ арга хэмжээ цаашид хэвшил болж, дараа дараагийн оюутнуудад ийм боломж нээгдэх эсэх нь та бүхний санаачилсан төсөл хир амжилттай хэрэгжихээс шалтгаална. Бүгдэд нь амжилт хүсье. Төслөө амжилттай хэрэгжүүлээрэй.

Эцэст нь Азийн Хөгжлийн Банк, БСШУЯ-ны хамт олон, Сургуулийн удирдлагуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна" гэлээ.

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шүлхаммер хэлэхдээ "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр хэрэгжиж буй дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжиж, тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна.

Энэхүү төсөл нь Монголын ирээдүй болсон залуучууд хичээлээс гадуур нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг явуулах боломжийг олгох, цагийг үр ашигтай өнгөрүүлэх, шинийг санаачилж улммаар төсөл хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа гэдгээрээ онцлог.

Хүний амьдралын хамгийн эрч хүчтэй нас бол ОЮУТАН. Оюутан насан шинийг сурах, эрэлхийлэх цаг хангалттай байдаг. Өнөөдөр бусдыгаа манлайлж, тэтгэлэг хүртэж буй оюутнууддаа баяр хүргэе. Та бүхэнд амжилт хүсье" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33848
0 эможи
keyboard_arrow_up