ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ: Иргэд хоорондын зээлийн гэрээг байгуулахад анхаарах асуудал

2016 оны 5 сарын 20

Иргэдийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны зонхилох хувийг эзэлдэг. Иймд иргэд зээлийн гэрээ байгуулахдаа анхаарах шаардлагатай цөөн тооны зөвлөмжийг та бүхэнд өгч байна. Эдгээр зөвлөмж нь зөвхөн иргэд хооронд байгуулагдах зээлийн гэрээнд хамаарахыг  анхаараарай.

Би нэгэн хүнд 3 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Зарим хүн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхгүй гэх юм. Энэ талаар хуульд хэрхэн зохицуулсан байдаг вэ?

Монгол улсын иргэний хуульд зааснаар зөвхөн хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулдаг. Хэрэв хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдэгч нь хүү авах эрхээ алддаг. Тиймээс гэрээнд заасан сарын 10 хувийн хүү шаардах эрх таньд байхгүй. Харин зээлийн үндсэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд хүү шаардах эрхтэй” гэсэн заалтын дагуу хүү шаардах эрхтэй. Хуульд хүүгийн хэмжээг тодорхойлоогүй боловч практикт арилжааны банкны хадгаламжийн хүүгийн хэмжээг хэрэглэх нь олонтаа тохиолддог.

Хүүгүй зээлийн гэрээг амаар байгуулж болно. Гэхдээ зээлийн гэрээг амаар байгуулах нь хожим маргаан гарахад зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн хэмжээ, зээл төлөх хугацаа зэрэг нөхцөл байдлыг тогтооход ихээхэн хүндрэлтэй байдаг. Иймд зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн үнийн дүн, зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүү, зээлийг хугацаандаа төлөөгүй тохилдолд алданги, торгууль тооцох эсэхийг нарийвчлан тусгах шаардлагатай.

Зээлийн гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 6 сар болж байна. Энэ тохиолдолд зээлдүүлэгч нь 1 сарын хүү авах уу? Эсхүл 6 сарын хүү авах уу?

Зээлийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан бөгөөд цаашид гэрээгээ сунгаагүй бол зээлдүүлэгч 1 сарын хүү л шаардах эрхтэй. Иймээс 6 сарын зээлийн хүү шаардахын тулд бичгээр байгуулсан зээлийн гэрээгээ үргэлжүүлэн сунгасан байх шаардлагатай.

Би худалдааны төвд бизнес эрхэлдэг. Их хэмжээний мөнгө богино хугацаанд яаралтай хэрэг болоод  өөрийн танил хүнээс аргагүйн эрхэнд 7 хоногийн 30 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Гэвч хүүний хэмжээ хэт өндөр байгаа санагдаж байна. Энэ тохиолдолд зээлийн хүүг багасгах боломж байдаг уу?

Зээлийн хүүг талууд харилцан тохиолцож тогтоодог хэдий ч хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол зээлдэгч зээлийн хүүгийн хэмжээг багасгах хүсэлтийг шүүхэд гаргах боломжтой. Дээрх тохиолдолд их хэмжээний мөнгийг 7 хоногт 30 хувийн хүүтэй зээлдүүлнэ гэдэг нь зээлдэгчийн ашиг сонирхолд илтэд хохиролтой болох нь тодорхой юм.

Би өөрийн найздаа 30 сая төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. Харин барьцаанд нь найзынхаа 3 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалсан. Барьцааны гэрээ хүчинтэй юу?

Барьцааны гэрээ хүчингүй бөгөөд таны найз зээлээ төлөөгүй тохиолдолд та түүний 3 өрөө байрнаас тэргүүн ээлжинд зээлийн төлбөрөө шаардах боломжгүй болно. Практикт иргэд байрны өмчлөх эрхийн гэрчилгээ /ордер/-г барьцаалсан байх нь цөөнгүй байдаг. Хуульд зааснаар та зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Ийнхүү бүртгүүлээгүй бол танд ямар ч барьцааны эрх үүсэхгүй болохыг сайтар анхаараарай. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь өмчлөгч этгээд болохыг гэрчилсэн баримт бичиг тул барьцааны зүйл болж чадахгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
33561
5 эможи
keyboard_arrow_up