Их, дээд сургуулиудын бүртгэл зургаадугаар сард эхлэнэ
ЭЕШ-ын бүртгэл дууссантай холбогдуулан хүүхдүүд их, дээд сургуулиудын босго оноо, сургалтын төлбөрийг нь ихэд сонирхож буй.
Энэ жилийн хувьд сургуулиудын элсэлт УИХ-ын сонгуультай давхцаж байгаа хэдий ч ихэнх нь бүртгэлээ зургадугаар сард зохион байгуулахаар болжээ. Мөн элсэгчдийн шалгалтын оноо, дүн нь долдугаар сарын 1-нд гарч, батламжийг нь долдугаар сарын 3-ны дотор тараах учир ямар нэгэн хүндрэл учрахгүй хэмээн холбогдох албаныхан үзэж буй. Тэгвэл өчигдрөөс зарим сургуулийн бүртгэл эхэлсэн байна.
Тодруулбал, МУИС “2016 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ынхаа дагуу өчигдрөөс бүртгэлээ эхлүүлжээ. 2016-2017 хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл нь орон даяар цахим хэлбэрээр зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлэх ёстой аж.
БҮТ-ийн хүчинтэй батламжтай эсвэл ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байх ёстой гэнэ. Бүртгэлийн хураамж нь 15000 төгрөг байх бөгөөд буцаан олгохгүй юм байна. Харин БСШУЯ-наас тогтоосон улсын болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон, ЭЕШ-ын босго оноог хангасан төгсөгчдийг шууд элсүүлэх нь.
ШУТИС-ийн хувьд Улаанбаатар хотоос бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүссэн элсэгчдээ зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 5 хүртэл бүртгэхээр болсон байна. Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг нь Монголын их, дээд сургуулиудын консорциум зохион байгуулах аж. Мөн хуваарь сонголт хийж ШУТИС-д суралцах эрхийн бичиг авсан хүнд дахин өөр хөтөлбөр, мэргэжил сонгохыг нь зөвшөөрөхгүй. Түүнчлэн сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан элсэгчдээ наймдугаар сарын 15-26-ны хооронд бүрэлдэхүүн сургуулиуд дээр нь бүртгэж хичээл сонголтыг хийлгэнэ. Гэхдээ суралцах эрхийн бичиг авчихаад заасан хугацаанд нь ирж бүртгүүлээгүй тохиолдолд гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг нь хүчингүй болгох юм байна.
МУБИС элсэлтээ зургадугаар сарын 2-ноос долдугаар сарын 2 хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ. Элсэлтийн бүртгэлийн хураамж нь 10 мянган төгрөг байх бөгөөд онлайнаар төлөх ёстой аж. Элсэхийг хүсэгчид нь сонгосон мэргэжилдээ хамаарах ерөнхий шалгалт өгч 400-гаас доошгүй оноо авсан байх шаардлагатай гэнэ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу ЭЕШ-д 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувийг, харин 751-ээс дээш оноо авбал 100 хувь сургалтын төлбөрөөс Сургалтын төрийн сантай байгуулсан гэрээний дагуу чөлөөлөх юм байна. Мөн тухайн элсэгч суралцах эрхийн бичгээ буцаасан тохиолдолд нэг кредитийн үйлчилгээний төлбөр төлнө. Харин сургалтын төлбөрийн тухайд бүртгэл дуусахаас өмнө их, дээд сургуулиуд гаргаж өгнө гэдгээ мэдэгдээд байна. Энэ жилийн хувьд МУИС босго оноогоо 560 байхаар тогтоосон бол ШУТИС-ийнх 440. Сургууль тус бүрээр нь сонирхуулбал, АШУҮИС 560, СЭЗДС 620, МУБИС 500-600, ХААИС 500, СУИС 400-420, ДХИС 580, ХУИС 560, ИЗИС 500, Төмөр замын Дээд сургууль 550, Мандах бүртгэл дээд сургууль 400, Шихихутаг Хуульзүйн дээд сургууль 550 гэж босго оноо тогтоожээ. БСШУ-ы сайдын өнгөрсөн сарын 16-ны өдөр гаргасан “Ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноо тогтоох тухай” тушаалаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Мөн өнгөрсөн жил БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн тушаалаар 2015-2016 оны хичээлийн жилд Монгол Улсын их дээд сургууль, коллежийн бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид элсүүлэн сургах оюутны тоог 25210 хэмээн баталсан.
Ингэхдээ МУИС 3500, ШУТИС 3980, ХААИС 1600, Батлан хамгаалахын их сургууль 270, Боловсролын их сургууль 2500, СУИС 1000, АШУҮИС 1400 оюутан шинээр элсүүлэх тухай уг тушаалын хавсралтад заасан. Гэхдээ өнгөрсөн жилийн хувьд 12 дугаар ангийн тогтолцоонд шилжсэн анхны төгсөгчид их, дээд сургуульд элсэн орсон учир сургуульгүй хоцорно гэх ойлголт байхгүй байсан гэхэд болно. Харин энэ жилийн хувьд өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 37 мянган залуус ЭЕШ өгөх учир их, дээд сургуульд орох өрсөлдөөн ширүүсэх нь дамжиггүй. Ямартай ч их, дээд сургууль, коллежийн бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид элсүүлэн сургах оюутны тоог тун удахгүй батлахаар болжээ.