Сургалтын төлбөрийн зээлийг таван хувийн хүүтэй олгоно
Засгийн газраас баталсан “Сайн оюутан” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн байранд боллоо. Нээлтэд Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон бусад албаны хүмүүс оролцсон юм. БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Сайн оюутан хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой. Шаардлага хангасан оюутнуудад богино болон урт хугацааны зээл олгох ба хөтөлбөр хоёр үе шаттайгаар хэрэгжинэ” гэлээ.
Хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлэхээр болжээ. Мөн энэ оны нэгдүгээр сараас хойш авсан сургалтын төлбөрийн зээлийн хүүг таван хувьд шилжүүлэхээр болсон юм. Оюутны зээлд дотоодын их дээд сургуулийн бакалаврын үндсэн ангийн оюутнууд хамрагдах боломжтой ба нэгдүгээр дамжааны оюутнуудын элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх ба хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдана. Зээлийн хэмжээ нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундаж байх ба төлбөртэй уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэх ажээ. Түүнчлэн нэг жилийн хүү нь таван хувь, барьцаагүй байх бөгөөд зээл авсан оюутан дээд сургуулиа төгссөнөөс хойш дөрвөн жилийн дотор эргүүлэн төлөх юм.