2.5-аас дээш голчтой оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдана
Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Одоогоор уг хөтөлбөрт оюутнууд хэрхэн хамрагдах, зээлийг ямар замаар олгох ерөнхий журам нь батлагдаад байна. Ингэснээр оюутнууд ирэх долоо хоногоос сургалтын төлбөрийн зээлэндээ хамрагдах боломж нээлтэй болж буй юм. Сургалтын төлбөрийн зээлийг олгохын тулд энэ долоо хоногт БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежиудтай гурвалсан гэрээ байгуулах аж.
Зээл нь нэг жилдээ 2 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд тухайн оюутан сургуулиа дүүргэсэн хойноо ажлын байран дээрээсээ шууд төлөлтөө хийх замаар зохицуулагдах юм. Судалгаагаар цалингийн болон тэтгэврийн зээл авсан иргэдийн ихэнх нь оюутны сургалтын төлбөрт зарцуулдаг нь тогтоогддог. Тиймээс сурч боловсорч буй залууст үүрэг хүлээлгэх замаар нэр бүхий зээлүүдийг зорилтот байдлаар зарцуулахад анхаарч буй засгийн газрын бодлого юм.
Сургалтын төлбөрийн зээл хүсэгчдэд дараах шаардлагууд тавигдана.
- Төлбөр төлсөн оюутны голч дүн 2,5-аас дээш байх
- Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх
- Төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх
- Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх
Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдана.
Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь 5 хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртлэх хугацаанд эргэн төлөх юм байна.