ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ: Ээлжийнхээ амралтыг ХЭРХЭН эдлэх ВЭ?

2016 оны 5 сарын 09

Ээлжийн амралтыг хэн эдлэх вэ?

- Хэрэв та төрийн албан хаагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралт эдлэх эрхтэй.

-Ээлжийн амралтыг жил бүр эдлэх үү?

-Тиймээ. Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой.

Жишээ: Ажилтан нэгэн байгууллагад 2007 оны 09-р сарын 01-ны өдөр  ажилд орсон бол түүний анхны амралтыг 2007 оны 09-р сарын 01-ны өдрөөс 2008 оны 09-р сарын 01-ны өдөр хүртэлх нэг жилийг ажлын жилийн хугацаанд тооцож олгоно.

-Ээлжийн амралтыг хэдий хугацаагаар ажилласны дараа авах вэ?

- Ер нь хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсаны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагууд зохицуулдаг.

Хүүхэд асрах чөлөө дуусаад ажилдаа орсон эх 4 сарын дараа ээлжийн амралтаа бүтнээр нь авч болох уу?
Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсан, ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулахгүй.

Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?
Нэг аж ахуй нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагын ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна.Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч амралтын тооцоог үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралтыг олгож болно.

Ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ноогдуулж олгох уу?
Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй бол түүний ээлжийн амралтыг ажилсан хугацаанд нь ноогдуулж биш  ажлын бүтэн жилээр тооцож олгоно.

Ажилтан ажлаас халагдаж байгаа бол ээлжийн амралтын тооцоо хийгдэх үү?
Ажилтныг ажлаас халагдах үед ажил олгогч ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.Ажилтанд ажилласан хугацаанд нь ноогдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох эсвэл ажилтнаас суутгал тооцох хэлбэрээр ээлжийн амралтын тооцоог хийнэ.

Ээлжийн амралтын олговрыг хэрхэн тооцдог вэ?
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 2 дүгээр хавсралтын дагуу тооцдог бөгөөд амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж 1 сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог  байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих  ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

Хэрэв ажилласан жил нь 12 сар хүрэхгүй бол яах вэ?
Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрэхгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг  ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно.

Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгах уу?
Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулна.” гэж заасан

Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүй ажилтан бүр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байна.

Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орох уу?
Дараахь тохиолдлыг ээлжийн амралтын хугацаанд оруулж тооцохгүй.
-    Нийтээр амрах баярын өдрүүд
-    Долоо хоногийн амралтын өдрүүд
-    Жирэмсний болон амаржсаны амралт
-    Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа
-    Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа орно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32922
0 эможи
keyboard_arrow_up