ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ: "Жирэмсний болон амаржсаны тэтгэмж хэрхэн бодох вэ"
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг дор дурдсан баримтыг үндэслэн бодно.Үүнд:
-Эмнэлгийн хуудас
-Нийгмийн даатгалын дэвтэр
Заавал даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж, ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулсан хуудсаа нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж аргачлалын дагуу тэтгэмжийг 100 хувиар бодож олгоно.
Харин сайн дурын даатгуулагч эх эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид авчирч өгөн, шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.Сайн дурын даатгуулагч эхийн тэтгэмжийг 70 хувиар бодож олгоно.
Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.
Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн, заавал даатгуулагч эх бол байгуулагынхаа санхүүд, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байх хугацаанд нийгмийн даатгал төлөхдөө заавал даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан дөрвөн сарын хугацааны шимтгэлийг ажил олгогч нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож тооцон төлнө.