Байр суурь: Гуравдугаар сургуулийн барилгад яагаад цууралт үүссэн бэ
Нийслэлийн хамгийн ууган сургууль болох гуравдугаар сургуулийн шинэ барилга өнгөрсөн есдүгээр сард сүр дуулиантайгаар нээлтээ хийж ашиглалтад орсон. Нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, дэлхийн стандартад нийцсэн байртай анхны сургууль гэж бараг амтай болгон нь шуугиж байсан цаг саяхан. Гэтэл барилгын ажил, сургуулийн орчин, тохижилтод нь 7.2 тэрбум төгрөг зарцуулсан гэгдэж байсан тус барилга ашиглалтад ороод жил ч болоогүй байхад гадна, дотор хана нь цуурч, зарим өрөөнийх нь хаалганы хажууд ан цав үүссэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тиймээс манай сурвалжлах баг тус сургуулийг зорьсон юм. Сургуулийн хашаагаар ороход л барилгын гаднах цууралт тодоос тод харагдаж байсан юм. Харин дотор нь ороход, ашиглалтад ороод 7 хон сар болсон шинэ барилга гэж хэлэхэд хэцүүхэн байдал биднийг угтав. Учир нь тав алхаад урт, урт зураас татчихсан юм шиг цууралт өгсөн байлаа.Бид тус сургуулийн багш ажилчдаас цууралтын талаар асууж, тодруулахад, “Энэ сургуулийн өнцөг булан бүрт их, бага хэмжээний хагарал, цууралт байгаа, барилга гүйцэтгэгч компани нь ямар ч аюулгүй өнгөн хэсгийн цууралт гэж хэлсэн. Энэ бүтэн сайн өдрөөс эхлээд засварын ажил эхэлсэн. Гэхдээ цуурсан хэсэг рүү нь огт юм чигжихгүй, шавардахгүй зүгээр л гаднаас нь нимгэн мод тавиад өнгөлгөө хийгээд байна” гэсэн юм. Тиймээс бид тус сургуулийн захирал Б.Хоролгараваас барилгад гарсан цууралтын талаар тодрууллаа.
-Танай сургуулийн барилгад хэзээнээс эхлээд цууралт өгч эхэлсэн бэ?
-Өнгөрсөн өвлөөс эхлээд цууралт ажиглагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, газар хөлдөх үеэр цуурсан.
-Юунаас болж цууралт үүссэн юм бол?
-Би анх цууралт өгч эхлэнгүүт нь барилга гүйцэтгэгч “Алтанбулаг трейд” компанид мэдэгдсэн. Тэгэхэд, “Доороо цэвдэгтэй байшингийнхаа суурин доор нэлээд устай учраас газар хөлдөх болон гэсэх үед суулт өгч байгаа юм” гэсэн. Санаа зовох зүйл байхгүй. Бид янзалж өгнө гэж хэлсэн. Одоо засварын ажил эхэлчихсэн байна. Дахиж цуурахгүйгээр сайн засаж байгаа л гэсэн.
-Мэргэжлийн хүмүүс ирж шалгалт хийсэн гэсэн. Ямар дүгнэлт гарсан бэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллага болон барилгын зөвлөх инженер С.Зоригтын бүрэлдэхүүнтэй комисс манай сургууль дээр ирж ажиллаад барилгын чанарт сөрөг нөлөө байхгүй гэж дүгнэсэн. Түүнтэй ярилцсаны дараа бид тус барилгад шалгалт хийсэн Улсын Аудитын газрын ахлах шинжээч С.Зоригт, Улсын комиссод хүлээж авсан Нийслэлийн Боловсролын газрын Барилга, инженерийн хангамж хариуцсан мэргэжилтэн С.Баярмагнай болон бусад албаны хүмүүстэй холбогдож тодруулах гэсэн боловч бүгд яриа өгөх боломжгүй, өгөхгүй гэсэн хариулт өгсөн юм. Тиймээс бид Барилга гүйцэтгэгч “Алтанбулаг трейд” компанийн ерөнхий инженер Б.Батзаяатай холбогдож тодруулга авлаа.
-Гуравдугаар сургуулийн барилгад юунаас болж цууралт үүссэн бэ?
- Гуравдугаар сургуулийн барилгад гарсан цууралт нь үндсэн хийцэд нөлөөлсөн, аваар осолтой цууралт биш. Энэ нь албаны хүмүүсийн хийсэн шалгалтаар тогтоогдсон. Юунаас болж цууралт өгсөн бэ гэхээр тус сургийн барилга 3-4 хэсгээс бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл, сууриуд нь саланги ажилладаг гэсэн үг. Тиймээс газар хөлдөж гэсэж байгаа энэ үед шаврын цууралт ажиглагддаг. Мөн энэ барилга нь инженер геологийн төвөгтэй нөхцөлд баригдсан хирнээ маш бат бөх хийцтэй сайн барилга болсон.
-Анх хэзээнээс цууралт өгч эхэлсэн бэ?
-Энэ өвлөөс эхлээд ганц нэг шаврын цууралт ажиглагдаж эхэлсэн. Одоо ч очоод харахад тиймэрхүү төрлийн цууралт байгаа.
-Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт яг юу гэж гарсан бэ?
-Одоогоос нэг сарын өмнө тус сургуулийн барилга дээр очиж шалгалт хийгээд барилгын чанартай холбоотой цууралт биш гэдгийг нь тогтоосон. Учир нь анхнаасаа инженер геологийн төвөгтэй нөхцөлд баригдсан барилга учраас тодорхой хэмжээнд хөдөлгөөн өгч байх ёстой. Газар хөлдөх, гэсэхтэй холбоотойгоор гарсан цууралт.
-Тэгэхээр жил болгон газар хөлдөж, гэсэхэд иймэрхүү төрлийн цууралт өгнө гэсэн үг үү?
-Үгүй. Барилга эхний нэг жилдээ л ингэдэг. Одоо засвар хийгээд л дахиж иймэрхүү төрлийн цууралт ажиглагдахгүй.
-Танайхаас энэ сарын 10-ныг хүртэл 10 хоногийн дотор засвар хийж өгнө гэж хэлсэн гэсэн. Яаж засвар хийх вэ?
-Цууралтаа энэ сарын 10-ны дотор дахиж үзэгдэхээргүй болгож засна. Өөрөөр хэлбэл, 10-наас хойш хэн ч очоод харсан ямар ч цууралтгүй болгож янзална. Тэгэхгүй бол энэ цууралтыг хүмүүс очиж харахаараа буруу ойлгоод байна шүү дээ.
-Аравхан хоногийн дотор янзална гэхээр зүгээр өнгөлөөд цууралтыг нь харагдахааргүй болгон гэсэн үг үү. Эмчийн өрөөний хананы цууралт нь өнгөн хэсгийн цууралт биш, бүр голоороо хуваагдчихсан гадна дотроосоо мэдэгдэж байна лээ. Тэгэхээр энэ ханийг нь яах вэ. Дахиж буулгах уу?
-Тийм хана байгаа бол буулгаад дахиад бэхэлгээтэй шинэ хана өрнө.
-Засвар хийх зардал нь хаанаас гарах вэ?
-Манай барилгын компаниас гарна. Барилга ашиглалтад орсноос хойш 4 жилийн доторх бүх зардлыг барилга гүйцэтгэгч компани хариуцдаг хуультай.
-Инженер геологийн төвөгтэй нөхцөлд баригдсан гэхээр иймэрхүү цууралт өгнө гэдгийг танайхан анх барилга барихдаа мэдэж байсан гэсэн үг үү?
-Мэдэж байсан. Ялангуяа эхний нэг жилд ийм цууралт ажиглагдана. Тэрнээс биш энэ цууралт гарсан учраас барилгын чанар муу байна гэсэн үг биш. Газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй барилга болсон гэдгийг хэлмээр байна.
-Зарим эх сурвалжууд энэ барилга анх ашиглалтад ороход бага зэргийн цууралт өгчихсөн байсан гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?
-Энэ бол гүтгэлэг. Тийм байсан бол анх хүлээж авсан улсын комисс буруудан шүү дээ.
-Сургуулийн дотор талын модоор хийсэн гарнезуудыг яагаад хооронд нь бэхэлж тогтоогоогүй юм бэ. Зүгээр эвлүүлээд тавьчихсан, моднууд нь шууд сугалаад авахад болохоор сул байна лээ?
-Тиймэрхүү жижиг сажиг зүйлийг бол хүлээн зөвшөөрч сольж, янзалж болно. Ямар ч асуудалгүй. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн барилга гэдэг утгаар нь бид хаалга болон гарнезуудыг нь модоор хийсэн. Цууралт юунаас болж гардаг, барилгыг чанар, насжилтад нөлөөлөх эсэхийг Монгол Улсын зөвлөх инженер, Доктор, профессор С.Нямдоржоос тодрууллаа.
-100 айл орчмын инженер геологийн төвөгтэй нөхцөлд баригдсан барилга эхний нэг жилдээ газар хөлдөж, гэсэхэд цууралт өгөх ёстой юу?
-Газар хөлдөж, гэсэхэд барилгад цууралт өгдөг нь үнэн. Гэхдээ тэглээ гээд заавал цуурах ёстой гэсэн үг биш. Тэр хөрсний хөдөлгөөнийг тооцож, цууралт гарахгүй нөхцөлийг бодож тооцоолж сууриа хийх ёстой. Тэрнээс биш эхний нэг жилд цууралт өгөх ёстой гэсэн юм байхгүй. 100 айл, гуравдугаар сургуулийн тэр хавьд дээр үед “Сэлбэ” голын хөндий байсан учраас шавран чигжээстэй том хэмхдэст хөрс гэж ус нь ханасан тийм хөрс байдаг. Тэр хөлдсөн нөхцөлдөө маш хүчтэй овоолт өгдөг. Энд барилга барьж болохгүй биш болно. Гэхдээ тооцоолж, ердийн хөрснөөс арай төвөгтэйгээр, арай илүү өртөгөөр суурь хийх ёстой. Хэрэв анхнаасаа хөрсний овоолтыг тооцоолж барьсан барилга бол цууралт өгөх ёсгүй.
-Тэгэхээр гуравдугаар сургуулийн сууринд асуудал байна гэсэн үг үү?
-Тэгж хэлж болохгүй. Барилгын зураг, инженер геологийн дүгнэлтийг нь үзэх хэрэгтэй. Тэр бүгд зөв байвал хэрэглэсэн материалын чанар ч юм уу аль эсвэл бүр өөр хүчин зүйлээс болж цууралт өгсөн байж болно. Бас хаана аа яаж цууралт өгсөн байнга гэдгээс шалтгаална. Хөөсөн дулаалгатай хана бол гадна тал нь хагарах тохиолдол. Тэр бол тийм ноцтой биш.
-Цууралт үүссэн барилгад засвар хийхэд, дахиад цуурахгүй байх баталгаа бий юу?
-Цууралт гарах шалтгаан болж байгаа хүчин зүйлийг олж засвар хийхгүй бол дахиад л цуурна. Гэхдээ цууралт олон янз байдаг. Юунаас ч болж цууралт өгснөөсөө хамаарна. Хэрэв карказны хоорондын дүүргэлтийн хана бол нэг удаа засвар хийгээд дахиж цуурахгүй. Даацынх бол төвөгтэй.
-Блок хоорондын завсруудаас үүссэн хагарал гээд нилээд гүн цууралт байна лээ. 3-4 блок барилгад иймэрхүү төрлийн цууралт гардаг уу?
-Гарч болно. Гэхдээ бас л гарах ёстой зүйл биш. 3-4 блок барилгад газар хөлдөж, гэсэхтэй холбоотой хөдөлгөөн гардаг. Гуравдугаар сургуулийн тухайд хэв гажилтын заадсан дээр цууралт өгсөн байвал гаднах шавардлагаа үргэлж хийснээс үүссэн цууралт. Хэрэв анхнаасаа хийхдээ үргэлж биш, нарийн заадас тусад нь хийсэн бол ийм асуудал гарахгүй.
-Энэ барилгын чанарт нөлөөлөх ноцтой асуудал мөн үү?
-Ямар ч асуудалгүй. Барилгын чанарт нөлөөлөхгүй.
-Блок хоорондын залгаасан дээр биш, өөр газар газар гарсан цууралтууд нь ямар барилгын чанарт нөлөөлөх үү?
-Чиний үзүүлсэн зурган дээр байгаа шиг хэвтээ чиглэлтэй цууралтууд бол хамар хананы цууралт гэж бодож байна. Тэр бол ямар ч асуудалгүй, зөвхөн өнгөн хэсгийн цууралт. Нэг засвар хийгээд дахиж цуурахгүй.
-Ийм цууралт юунаас болж гардаг вэ?
-Материалын чанараас болж ийм цууралт өгдөг. Материал нь чийглэг ихтэй байж байгаад, барьсны дараа чийглэг нь буурахаар материалын агшилт явагдаад эзлэхүүн нь багасдаг. Үүнээс үүссэн хагарал. Энэ бол тийм ноцтой аюултай зүйл биш. Гэхдээ бас л байх ёстой зүйл биш.
Т.Болор