ЭЕШ ирэх зургадугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд болно

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдахаар товлогджээ.
Өнөө жилийн хувьд ЕБС-ийг 36 мянган хүүхэд төгсөх бөгөөд өнгөрсөн жилүүдийн 4-5 мянган хүүхэд нэмж шалгалт өгнө гэж бодвол 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх юм байна. Мөн энэ жилийн ЭЕШ-д дараах өөрчлөлтүүд хийгджээ.
-Монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа зургадугаар сарын 15-нд авна. Улмаар бусад хичээлийн шалгалтаа өгч дууссаны дараа буюу батламж хуудас тараагдахад монгол хэл бичгийн шалгалтын босго оноо /400 оноо/ хүрэхгүй бол сургуульд элсэх боломжгүй болно.
-Монгол, Англи, Орос хэлний хичээлүүдэд сонсгол шалгах даалгаврууд шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шалгалтын байруудад сонсох төхөөрөмж байрлуулах аж.
-Өмнө нь шалгалтын хуудсаа цэнхэр буюу хар үзгэн балаар бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөх юм.
Шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдөр 18.00 цагаас дуусгавар болно.









