Шалгалт авах байруудад сонсох төхөөрөмж болон камер тавьж эхэлжээ
Энэ жил улсын хэмжээнд 30 гаруй мянган хүүхэд арванхоёрдугаар анги төгсөнө. Тэдний хувьд амьдралынхаа нэгэн том алхам болох их дээд сургуульд орох бэлтгэлээ хангаад тун завгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Сурагчид ирэх сарын 25-ны 18.00 цаг хүртэл Элсэлтийн ерөнхий шалгалтанд бүртгүүлсэн байх ёстой.
Энэ жилээс нэмэлт бүртгэл, дахин шалгалт авахгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдсэн. Одоогийн байдлаар төгсөгчдийн 50 гаруй хувь нь бүртгүүлсэн байна. Элсэлтийн шалгалтын хичээлийн босго оноог 400-гаар тогтоосон. Тэгэхээр монгол хэл, бичгийн шалгалт болон сонгосон бусад хичээлийн шалгалтад 400-гаас дээш оноо авч байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болно гэсэн үг. Анхааруулж хэлэхэд монгол хэл, бичгийн шалгалтанд 400-гаас бага оноо авбал дараа жил дахин энэ шалгалтаа өгч байж их дээд сургуульд элсэн орох ажээ. Харин монгол хэл, бичгийн шалгалтандаа 400-гаас дээш оноо авсан бол уг оноог 2.5 жилээр баталгаажуулах юм байна.
Монгол хэл, бичгийн шалгалт болон сонгосон бусад хичээлийн шалгалтад 400-гаас дээш оноо авч байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болно
Энэ жилээс англи, орос, монгол хэлний хичээлийн даалгаварт сонсох чадварын сорил нэмэгдэж орохоор болсон. Гэхдээ шалгалтын үргэлжлэх хугацаа хэвээрээ байна. Мөн хэлний хичээлийн даалгаварт сонсох чадварын сорил оруулсантай холбоотойгоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудын шалгалт авах байруудад тоног төхөөрөмж суурилуулж эхэлжээ. Түүнчлэн бүх шалгалтын байрыг камержуулж байгаа хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн юм. Дээрх тоног төхөөрөмж авах мөнгө нь сурагчдаас авсан бүртгэлийн хураамжийн мөнгөнөөс зарцуулахаар болжээ.
Энэ жилээс англи, орос, монгол хэлний хичээлийн даалгаварт сонсох чадварын сорил нэмэгдэж орохоор болсон
Түүнчлэн гадаадад амьдардаг монгол хүүхдүүд онлайнаар бүртгүүлэх боломжтой бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шалгалт өгөх боломжтой аж. Жил бүр гадаадад амьдардаг 30 орчим хүүхэд элсэлтийн шалгалт өгдөг. Мөн Монголд амьдарч байгаа гадаадын иргэн манай улсад бүрэн дунд боловсрол эзэмших эрхтэй байдаг.