Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байхад хүүхдүүд ердөө 50 дотор нь эргэлддэг гэв

2016 оны 3 сарын 25

Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн нэг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийн нээлт өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.  Цоо шинээр эхэлж буй энэ хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын иргэн бүрээ ажилтай, орлоготой болгох бодлогын нэг хэсэг болох ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд, залууст мэргэжлээ оновчтой сонгох, ажил хөдөлмөр эрхлэхэд нь зөв хандлага, төлөвшил бий болгох зорилгоор орон даяар хэрэгжүүлэхээр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2015 оны есдүгээр тогтоолоор баталсан.

Хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах, сурталчлах нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг эх, багш нарын төлөөллөөс гадна МСҮТ, Политехник коллежид сурч мэргэжил эзэмшиж буй залуус гээд 1000 гаруй хүн ирсэн юм.

Ирсэн зочдодоо зориулан хэлсэн үгэндээ Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан  дунд сургуулиа төгсөж байгаа сурагчдын 90 хувь нь МУИС, ЭМШУИС, ШУТИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуульд орох хүсэлтэй байдгийг онцлоод “Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байдгаас хүүхдүүд ердөө 50 дотор нь эргэлдэж сонголтоо хийдэг. Их, дээд сургуулийн оюутнуудын мэргэжил сонголтыг судлахад 38 хувь нь сонирхлын дагуу мэргэжлээ сонгосон, 30 хувь нь мэргэжилдээ дургүй, 12 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн хариулт өгсөн бол ажилгүйчүүдийн 14 хувь нь эзэмшсэн мэргэжилд нь тохирох ажил олдохгүй байна гэсэн шалтгаанаар ажил хайж байна. Гэтэл манай  Политехник коллеж, МСҮТ-үүдэд Монгол Улсад хэрэгцээтэй, эрэлттэй, төгсөөд шууд ажлын байртай, нарийн мэргэжлүүдээр сургаж, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж дээр дадлага хийлгэж байна.   Энд сурч, мэргэжил эзэмшсэн ур чадвартай сайн тогооч сард 2-3 сая төгрөг, сайн гагнуурчин 1,5 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл ийм сайн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээл дээр байнга эрэлттэй байдаг гэдгийг жишээ болгон дурдаж болох юм” хэмээгээд Хөдөлмөрийн яамнаас хүүхэд залууст хандсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг дуулгалаа. Тэрбээр мөн уг хөтөлбөр хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, тухайн мэргэжилтэй илүү ойр танилцах боломжийг бүрдүүлснээр сурагчид өөрт сонирхолтой, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах ач холбогдолтой гээд “Аав ээжийнхээ ачийг хариулахсан гэсэн хүслийн илэрхийлэл бол аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байгаа амьдралаа харуулж баярлуулах явдал байдаг. Харин тэр аз жаргалыг бүтээх боломж нь ажил, мэргэжлийн зөв сонголт бөгөөд зөвхөн чиний гарт байгаа гэдгийг санаарай” хэмээн хүүхдүүдэд захилаа.

Хөдөлмөрийн зах зээлд шинэ шинэ мэргэжил бий болж, зарим нь мартагдаж алга болдог. Түүнтэй адил зарим төрлийн мэргэжил илүүдэлтэй, зарим нь дутагдалтай байдаг нь улс орны хөгжлийн хурд, зах зээлийн багтаамжаас шалтгаалж буйг хүүхэд залууст таниулан ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ чиг баримжааг эртнээс олж авахад энэ хөтөлбөр туслах учиртай. Хөтөлбөрийг  нийслэлийн дүүрэг, аймгууд дахь Хөдөлмөрийн хэлтсээрээ дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг дэмжихийн хамт зах зээлд эрэлттэй мэргэжлүүдийн талаар мэдээллийг байнга авч болох mergejil.mn цахим хуудас ажиллуулан, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн дэргэд Ажил мэргэжлийн жишиг төвийг байгуулан үйлчилгээ үзүүлж байна. Энэ хөтөлбөр зөвхөн сургууль төгсөх гэж буй хүүхэд залууст хандсан үйл ажиллагаа зохион байгуулах юм биш аж. Ажил хайж байгаа, эзэмшсэн мэргэжлээр нь ажлын байр олдохгүй байгаа хэн бүхэнд нээлттэй ажиллана. Өөрөөр хэлбэл, өөр мэргэжил эзэмшихэд нь туслах, ажилгүйдэлд өртсөн шалтгааныг тодруулж оношлох замаар ажил мэргэжлийн чиг баримжааг нь тогтоох ажил ч хийх гэнэ. Нэг үгээр Хөдөлмөрийн яамнаас шинээр хэрэгжүүлэх “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөр нь хөдөлмөрийн эмч, амьдралын эмчийн үүргийг гүйцэтгэхээрээ бусад хөтөлбөрөөс давуу гэдгийг ХЭҮСМҮТ-ийн дэд захирал Ц.Энхтуяа танилцуулгынхаа үеэр онцолж байсан.

Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд ирсэн хүүхдүүдэд зориулан сэтгэл зүйч, доктор С.Наранбаатар мэргэжил сонголтын талаарх “Ханыг хаалга болгох нь”  сонирхолтой лекцээ уншиж, нэхмэлийн технологич, зөвлөх багш А.Баасанхүү “Хөгжлийн үндэс-ажил хөдөлмөр” сэдвээр ярилцлага өрнүүлсэн юм. Мөн дуучин Баярцэнгэл, Улаанцэцэг, жүжигчин Э.Ууганбаяр, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Тэмүүлэн, М.Халиун нар уран бүтээлээ толилуулсан нь хүүхдүүдэд маш их таалагдсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30616
0 эможи
keyboard_arrow_up