Н.Учрал: Багш нарын төлөө үгээ хэлнэ, асуудлыг нь хамтдаа шийдвэрлүүлнэ
Нийслэлийн 9 дүүргийн шилдэг 1000 багш нар өчигдөр орой цугларч чуулав. “Yes Mongolia” Монголын залуу багш нарын холбооноос “1000 багшийн учрал” нэртэй уулзалтыг ажилттай зохион байгуулав. Монголын боловсролын салбарын тулгын гурван чулууны суурь нь болсон сурган хүмүүжүүлэгч баг нар мэдлэг боловсрол, ур чадвар, ёсзүй гээд бүгдийг цогцлоосон байхыг нийгэм өөрөө байнга шаарддаг. Тиймээс багш нарын хөгжил дэвшлийн төлөө Монголын төр илүү ахицтай ажиллах ёстой гэж “Монголын залуу багш нарын холбоо”-ны зүгээс шаардаж байна. Учир нь багш нарын залуу халааг өндөр түвшинд бэлтгэхийн тулд эхлээд тэдний нийгмийн асуудалд үүсч байгаа бэрхшээлд төр засаг илүү анхаарах ёстой гэж үзэж буй. Тиймээс дээрх залуу багш нар өөрсдийн өмнө тулгараад байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд нэгдсэн байна.
Тухайлбал, дээрх холбооноос “1000 багшийн учрал” нэртэй уулзалтыг нийслэлийн бүх салбар зөвлөлийг хамруулан хоёр дахь удаагаа хийж буй юм. Харин өчигдрийн уулзалтад тус холбооны тэргүүн Н.Учрал багш нарын өмнө тусгайлан лекц уншиж, тэдний өмнө тулгамдаж буй цалин хөлс, орон байр зэрэг нийгмийн асуудлаас гадна, багшийн хөгжил дэвшлийн алдаа оноог хамтдаа эрэлхийлжээ. Уг уулзалтаас гарсан санаачлагыг уриалга болгож одоогийн парламентад суудалтай дөрвөн нам эвслийн дарга нарт хүргүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ. Эцэст нь Монголын багш нарын зүгээс өөрсдийнх нь санал санаачлагыг дэмжиж мөрийн хөтөлбөртөө оруулсан намын төлөө санал өгнө гэдгээ ч илэрхийлээд эхэлжээ. Тус холбооны тэргүүн Н.Учралтай ярилцлаа.
-Өнөөдрийн уулзалтаас 1000 багш нар яг юу хүлээж байгаа бэ. Энэ уулзалтаас гарах үр дүн юу байна?
-Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөн зохион байгуулагдсан. “Багш нараа сонсъя” аян бүх дүүрэг орон нутагт явагдсан. Энэ санаачлагад нь тулгуурлаж бид нар багш нарын өмнө ямар асуудал тулгараад байгаа талаараа ярилцах гэж байна.
-Багш нарт тулгарч байгаа гол асуудал нь яг юу байна вэ?
-Нэгдүгээрт цалин хөлсийн асуудал. Өнөөдөр багш нар 530 орчим төгрөгийн цалинтай түүнээсээ татвараа төлөөд 480 мянган төгрөг гар дээрээ авч байна. Ийм мөнгөөр амьдрахгүй ээ, за тэгээд байртай болно гэдэг бол үнэхээр мөрөөдөл. Тэгэхээр бид нар ямар санаачлага гаргаж байна вэ гэхээр, багш нар жилийн нэмэгдэл гээд таван жил болчихоод зургаадахь жилдээ 5000 төгрөг цалин дээр нь нэмэгдэж байна. Энэ 5000 төгрөгийг бодитой өсгө, эсвэл жил харгалзахгүй үр дүнд суурилж цалингийн нь өсгөх бодитой санаачлагуудыг гаргана. Дээрээс нь багш нарын нийгмийн асуудал болох орон сууцны асуудал хөндөгдөж байна. Урьдчилгаа буюу 30 хувийг төлнө гэсэн ойлголт байхгүй. Үнэхээр цалингаа үрэхгүй, идэхгүй уухгүй гэртээ байж байх юм бол гурван жилийн хугацаанд байрны урьдчилгаа болох 18 сая төгрөгийг олно. Тиймээс бид нар нэг зүйлийг гаргаж байна. Төр өөрөө эдийн засаг царчихаад байгаа орон сууцныхаа 30 хувийг худалдаж ав. Тэгээд багш нарт урьдчилгаа төлбөргүйгээр төрийн зүгээс орон сууцны асуудлыг нь шийдээд 20 жилийг нь 30 жил болгох шийдвэр боломж байгаа юмаа. Сонгууль намууд мөрийн хөтөлбөр санаачилж байна. Энэ үед нь 1000 багш гарын үсэг цуглуулаад бид нар намуудын дарга нарт хугацаатай шаардлага хүргүүлэхээр болж байна. Бидний энэ ажилд намууд ямар сэтгэлээр ажиллахыг харна. Манай холбоо аймаг, дүүрэг тус бүрдээ салбартай, тус тусдаа үйл ажиллагаагаа явуулдаг том холбоо. Үндэсний хэмжээний болсон том холбоо өдөр тутмынхаа үйл ажиллагааг зохион байгуулдаг. Өмнө нь Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнөөс уриалга гаргаж, багш нараа сонссон. Үүнийг нэгтгэн дүгнээд, өнөөдөр яг бид нарын нэгдсэн санал энэ байна аа гэдгийг танилцуулах гэж байна. Тэгээд эндээс гарсан үр дүнгийн таницуулгаа намын дарга нарт хүргүүлнэ дээ. Багш нарын асуудлыг хамтдаа хүргүүлж, цаашид шийдвэрлүүлнэ. Үгээ хэлнэ, төр засагтайгаа хамтарч ажиллана. Бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай багш нарын нийгэм хөгжлийн асуудлаар нээлттэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна.
-Таны талаар цахим хуудсанд нэгэн таагүй бичлэг тархсан байсан. Үүнд тайлбар хийхгүй юу?
-Би жижиг сажиг, ахархан зүйлийг ярьмааргүй байна. Жижиг зүйлээр оролдож, ийм зүйлээр улстөр хийдэг хүмүүсийг би мэдэж байгаа. Тэр хүмүүс энэ асуудлаа болих хэрэгтэй. Би аар саархан зүйлээр нэр хүнд пиараа өсгөж явах шаардлага огтхон ч байхгүй ээ. Нэг л зүйлийг ойлго. Монголд сэтгэлгээний хямрал, оюун санааны хоосрол болчихсон байна гэдгийг ойрын өдрүүдэд харлаа.