Уран зохиолыг хичээлээс хассан уу?
Хассан. Хасах хасахдаа, хүүхэд багачуудыг багаас нь номын амт шимтэнд оруулж ном унших арга дадалд сургадаг, улмаар тэдний үгийн баялгийг арвижуулж, ёс суртахууны болон гоо сайхны хүмүүжил олгодог байсан “Унших бичиг” /үг хөгжил/ хичээлийг нэгтгэх нэрээр “хасаж” орхижээ. Өөрөөр хэлбэл, 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр Боловсролын дидактикийн шинэчлэлд “нэгдмэл хичээл”, “хичээл хоорондын холбоо”, интеграц нэрийн дор бага ангид урд өмнө үздэг байсан “Унших бичиг” хичээлийг монгол хэлтэй нэгтгэсэн юм.
Ингэснээр сурагч багачууд ном уншихгүй, унших арга чадвар, дадалд сурахгүй, “бүтэн” үлгэр, өгүүллэг мэддэг хүүхэд үгүй болж, утга агуулгын уялдаагүй, хагас дутуу бичвэрийн цуглуулга болох өнөөгийн хэл ам дагуулсан монгол хэлний сурах бичгүүдийг л үзэх болжээ. Мөн 2012 оноос Боловсролын шинэчлэлийн хүрээнд бага ангид энэ хичээлийн оронд “Ёс суртахуун” гэх хичээл орох болсон. “Ёс суртахуун” гэсэн бие даасан хичээл байх эсэх нь үнэхээр эргэлзээтэй асуудал юм.
Хүүхдийг номын амт шимтэнд оруулдаг байсан “Унших бичиг” хичээлийг хасчихаад /нэгтгэчихээд гэж ярих нь зөв байх/ “Ном” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэр болжээ. Багадаа ном уншаагүй хүүхэд том болоод уншихгүй, зүйрлэвэл, “уургандаа цадаагүй хурга төлөг болтлоо майлдаг”-тай үлгэр адил юм.
Япон улс гэхэд “2001 оны 12 дугаар сард Хүүхдийн ном унших үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой 11 зүйл бүхий хууль баталж жил бүрийн 4 дүгээр сарын 23-ний өдрийг “Хүүхдийн ном унших өдөр” болгосон байна… 2002 оны 8 сард “ Хүүхдийн ном унших үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөө” гаргажээ. Төлөвлөгөөний үндсэн үзэл баримтлал нь бүх хүүхэд хэзээ ч, хаана ч, өөрөө хүссэн үедээ ном уншиж болохоор тийм орчинг бий болгоход оршино хэмээн үзсэн байна. Ном уншина гэдэг бол хүн төрөлхтний нээсэн соёлоос суралцах, улмаар энэ насны өв хөрөнгө, амьд явах хүч чадал, баяр баясгалангийн үндэс гэж тодорхойлсон байна. Ном унших нь хүүхэд (18 хүртлэх насны) хүн болж төлөвших, өргөн мэдлэг боловсрол эзэмших, эх хэлний мэдлэг чадвартай болох гол суурь, бүтээлч чанар, амьдрах хүч чадлыг бүрдүүлэх нэг зэвсэг хэмээн үзжээ. “Өөрөө аяндаа ном руу гар сунгадаг номонд дуртай хүүхдийг өсгөн бойжуулах” буюу “Номонд дуртай хүүхэд болох” уриалгыг дэвшүүлэн сургууль, эцэг эх, нийгмийн бүх хүрээнд хэрэгжүүлэх боломж бололцоо, үүрэг хариуцлагыг тодорхой заан гаргажээ. (С.Долгор, Японы боловсрол дахь хэлний бодлогын асуудалд, Монгол хэлбичиг, УБ,2013, 114 тал)
Ингэснээр ном унших хөдөлгөөн улс даяар өрнөж, 2003 оны байдлаар нэг сард Японы бага сургуулийн нэг сурагч 8 ном, дунд сургуулийн сурагч 2,8 ном, ахлах ангийн сурагч 1,3 ном уншдаг гэсэн судалгаа гарчээ. /Майничи/
1-6 ангийн хүүхэд жилд 70-100 ном уншдаг гэсэн үг. Манай хүүхдүүд номонд хэр дуртай вэ? Сард хэдэн ном уншдаг билээ. Өөрөө аяндаа ном руу гар сунгадаг билүү. Мөн манай улсад хэрэгтэй хэрэггүй олон хууль бий ч ийм амин чухал хууль хэчнээн байдаг бол...
Эндээс үзвэл, Эх хэлний сургалтын гол зорилго хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номонд дуртай хүн болгон хүмүүжүүлэхэд оршино. Хүүхэд ном унших бүр эх хэлнийхээ гайхамшгийг мэдэрч, шинэ үгийн утга учрыг тайлж, үг хэл нь арвижин, ухаан бодол нь тэлсээр байх болно.
Ардын уламжлал ч тийм байж энэ тухай, академич Ц.Дамдинсүрэн “Оюун түлхүүр болбоос Монголын дотор маш түгээмэл дэлгэрсэн зохиолын нэг болмуй. Гэрээр бичиг сурах багачууд цагаан толгой заасны дараа “Оюун түлхүүр”-ийг уншуулдаг байлаа. Энэ ном болбоос урьдын цагт зан суртахууны сурах бичгийн чанартай хэрэглэгдэж байсан бүлгээ” (Ц.Дамдинсүрэн, Монгол уран зохиолын дээж зуун билиг оршвой, Улаанбаатар, 1959, 58-р тал) гэсэн бол эрдэмтэн Ш.Чоймаа “Нэгийг үйлдэхдээ нөгөөг давхар боддог, холыг харж, гүнийг сэтгэдэг өвөг дээдэс маань үр хүүхэддээ үсэг бичиг заах, заалгахдаа зүгээр нэг аманд орсон үг, гарт тааралдсан ном зэргээс бичүүлдэггүй байжээ. “Хуучин цагт, гэрээр монгол бичиг заалгах үед, цагаан толгой үзэнгүүт, “Эртний богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир” гэж эхлээд “Чингис Богдын зохиосон сургаал, үүгээр шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай” гэж төгсөх “Оюун түлхүүр” сургаалыг уншуулдаг бичигдээгүй хууль мэт журамтай байсан нь олон давхар утга учиртай байсан ажээ. Багачууд хүүхдүүдийг үсэг нүдлэнгүүт нь эзэн богд Чингисийн билигээс сурвалжтай сургаалыг цээжлүүлдэг байсны ач буянаар монголчуудын олон үеийнхэн эзэн Чингисийн үеийн Их Монгол улсын тухай эртний түүхийг хүүрнэн ярилцаж, уг язгуураа үл умартан ирсэн буй заа” (Оюун түлхүүр нэрт шастир, Улаанбаатар, 2006, 4-р тал [Эхийг харьцуулж, кирилл үсэгт хөрвүүлж, тайлбар хийсэн Ш.Чоймаа] гэсэн байдаг.
Иймд, Бага ангийн сургалтын төлөвлөгөөнд “Унших бичиг, үг хөгжил” гэсэн хичээлийг буцаан оруулах юм уу эх хэлний хичээлийг агуулга арга зүйг ингэж өөрчлөх шаардлага зайлшгүй тулгарч байна.
1-р ангийн унших бичиг
1. 1948 Р.Цэрэнжав
2. 1960 М.Чимэд
3. 1962 М.Чимэд
4. 1966 М.Чимэд Т.Гомбосүрэн
5. 1969 М.Чимэд Т.Гомбосүрэн
6. 1971 С.Шарав Ч.Лувсандэндэв Д.Базар Я.Гончиг
7. 1972 С.Шарав Ч.Лувсандэндэв Д.Базар Я.Гончиг
Одоо 1972 онд гарсан Унших бичиг гэдэг номыг ашиглаж байна.
2-р ангийн унших бичиг
1. 1942 Х.Далхжав
2. 1962 Б.Цэрэн Б.Дашцэрэн Н.Лэгжмаа
3. 1964 Д.Дэнсмаа
4. 1965 Т.Гомбосүрэн Д.Дэнсмаа А.Гочоо
5. 1968 Т.Гомбосүрэн Д.Дэнсмаа А.Гочоо
6. 1970 Т.Гомбосүрэн Д.Дэнсмаа А.Гочоо
7. 1971 Ч.Лувсандэдэв Я.Гончиг С.Шарав Ю.Цэрэнжав
8. 1973 Ч.Лувсандэдэв Я.Гончиг С.Шарав Ю.Цэрэнжав
3-р ангийн унших бичиг
1. 1943 Жамъяандагва
2. 1962 Жамъяандагва
3. 1965 Я.Гончиг Б.Жамъяандагва Д.Санжаа
4. 1962 Я.Гончиг Б.Жамъяандагва Д.Санжаа
5. 1972 Я.Гончиг Б.Жамъяандагва Д.Санжаа
6. 1974 Я.Гончиг Б.Жамъяандагва Д.Санжаа
Энэ хугацаанд Цагаан толгой-н сурах бичиг 13 удаа, Монгол хэл 29 удаа, Унших бичиг 21 удаа өөрчлөгдөн шинэчлэгджээ.
Ч.Баттулга